ОХУ-ын Дотоод хэргийн яамны мөрдөгчид Доод Новгород хотод үйл ажиллагаа явуулж байсан хуурамч дэвсгэрт хэвлэгчдийг барьжээ. Гэмт этгээдүүд ойролцоогоор 1 тэрбум рубль хэвлэж, эргэлтэд оруулсан байна. Тус улсад өмнө нь ийм их хэмжээний хуурамч дэвсгэртийн гэмт хэрэг гарч байгаагүй юм.
Луйварчид 1000, 2000, 5000 рублийн хуурамч дэвсгэртүүд хэвлэсэн нь зарим дэлгүүрийн илрүүлэгч таньж чадахааргүй өндөр чанартай байгаа аж. Тус бүлэг нэг жил орчим ажилласан бөгөөд энэ хугацаанд 3000 гаруй гүйлгээг хийж чаджээ.
Мөрдөн байцаалтын үр дүнд хуурамч дэвсгэрт хэвлэх бизнесийг хоёр жилийн өмнө эхлүүлсэн Доод Новгород мужийн гурван оршин суугчийг баривчилжээ. Эдгээр толгойлогчид нь 27 настай хоол хүргэгч Иван Аферов, 20 настай техникийн дээд сургуулийн оюутан Андрей Скворцов ба 21 настай бизнес эрхлэгч Олег Ефимов нар байжээ.
Хэргийн газраас хоёр багц хэвлэх төхөөрөмж, зөөврийн компьютер, ламинатор, мөнгөн дэвсгэрт дээр наах металлжуулсан утас, бэхэн лазер принтер, урьдчилан бэлдсэн сүлд тэмдэг гэх мэт эд зүйлс олдсон. Тэд хуурамч мөнгийг Hydra хэмээх нууц цахим дэлгүүрээр дамжуулан криптовалютаар зардаг байж. Байнгын худалдан авагчаар нь дамжуулан гэмт хэрэгтнүүдийг олж тогтоожээ.
Уг зохион байгуулалттай гэмт бүлэгт хэдэн арван хүн байдаг бөгөөд тэд бие биеэ огт танихгүй гэж мэдүүлсэн байна. Одоогийн байдлаар Доод Новгород мужийн гурван оршин суугч, Москвагаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй саатуулагдаад байна.
Эх сурвалж: infosmi.net, gazeta.ru, life.ru