Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан Тавантолгойн цахилгаан станцын төсөлтэй холбоотой шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
-Тавантолгойн цахилгаан станцын талаар 2015 оноос Засгийн газар, Оюутолгой компанитай хамтран ажилласан. Тодорхой санал ирүүлсэн. Саналд 1,1 тэрбум ам.доллараар барина гэсэн санал ирүүлснийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Харьцангуй өндөр өртөг учир хэрэгжүүлэх боломжгүй. 1 мегаватт цахилгаан станцын өртөг дэлхийн зах зээл дээр 1 сая евро байгаа. Гол нь дээрх өртөг Оюутолгойн 34 хувьд өр болж, ногдол ашгийг ухраана.
Иймд өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар 450 мегаваттын цахилгаан станцыг 2024 он гэхэд барьж байгуулахаар шийдвэрлэлээ. 560-600 сая ам.долларын өртөгтэй босно. Засгийн газар санхүүжүүлнэ. Төрийн өмчит компани байна. Оюутолгойн өгсөн саналаас 30 хувь, цахилгаан өртөг нь 50 хувь хямд байна гэсэн тооцоотой. Оюутолгой жил 200 орчим сая долларын импортын эрчим хүч авч байгаа. Тус цахилгаан станцын гол хэрэглэгч нь Оюутолгой ХК байна. Энэ утгаараа хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхнө. 2024 оноос Оюутолгойн эрчим хүчээр гадагш нь зарж байгаа 200 сая ам.доллар Монголд үлдэнэ.