Бангладеш улсын тусгаар тогтнолд ихээхэн хувь нэмрээ оруулсан удирдагч Шейх Мужибур Рахманыг зохион байгуулалттайгаар амь насыг нь хороосон хэрэгт хэдэн арван хүнийг буруутган, зохих ёсны ялыг үүрүүлсэн ажээ. Гэвч тэдгээр хүмүүсийн нэг цэргийн ахмад байсан Абдул Мажед оргон зугтаж, 45 жилийн дараа баригдсан байна.
Тус улсын Дотоод хэргийн яамны сайд Асадуззаман Хан 45 жил оргон зугтсан этгээдийг нийслэл Дака хотоос барьсан нь улсын түүхэнд бичигдэх 2020 оны хамгийн том бэлэг байлаа гэжээ. Гэмт этгээд Мажед тусгаар тогтнолын баатрын үхэлд холбоотой гэдгээ нийтэд хүлээн зөвшөөрч, Энэтхэг улсад олон жилийг нуугдан өнгөрөөсөн тухайгаа хэлжээ. Гэвч хэзээ болоод хэрхэн Бангладеш улсад эргэн ирснийг хараахан тогтоогоогүй байна.
Шейх Мужиб болон түүний гэр бүлийн гишүүдийн аллагын гэмт хэрэгт 1998 онд армийн албан тушаалтнуудын холбон буруутгаж, 2009 онд улсын дээд шатны шүүх аллагыг зохион байгуулагчдад ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноосон юм. Тэдгээр цаазын ял сонссон этгээдүүдийн нэг нь Мажед байжээ. Бусдын гарт амиа алдсан Мужиб нь өнөөгийн Ерөнхий сайд Шейх Хасина Вазедын эцэг ажээ.
Эх сурвалж: The Guardian