СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ц.Насанбат: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Улсын ерөнхий прокурорын газар 2020 оны эхний улиралд улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх статистик мэдээлэл болон олны анхаарлын төвд байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат:

  • “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн хэрэгт Засгийн газрын гишүүн Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг холбогдуулан шалгаж дууссан. Мөн ЗТХЯ-ны газар хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох ЖДҮХС-аас өөртөө бусдад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу тал бий болгон их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан хэргийг шүүхэд шилжүүлсэн.
  • “Жаст” группийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох залилангийн гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна.
  • УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгаа.
  • Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ бусдад хууль бусаар давуу тал бий болгосон гэх хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байгаа.
  • Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, тус банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн боловч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан гэх үндэслэлээр хоёр нийтдээ дөрвөн удаа хойшилсон.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Тус хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа.
  • Хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан хэргүүдийн судалгааг гаргасан. Нийтдээ 12 хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон байсны зургааг нь сэргээсэн. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон байсныг сэргээн шалгаж байна.
  • Сэтгүүлчдийг хууль бусаар тагнасан, чагнасан гэх хэрэг байхгүй.

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог:

Прокурорын байгууллагаас 2020 онд тавьсан зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Он гарснаас хойш 452 мянган зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Прокурорт ирж буй зөрчлийн 93 хувь цагдаагийн байгууллагаас, дөрвөн хувийг мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн байна.

Ирж буй гомдол мэдээллийн долоон хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 90 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. Эрх бүхий байгууллага 9300 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгасан дүн мэдээлэл гарлаа. Зөрчлийн хэргүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 65, танхай 14, хүний биед халдах хэрэг 25 хувиар өсчээ.  Авлига албан тушаалын 602 хэргийг шалгаж байна. Авлига албан тушаалын хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдал таван хувиар өссөн. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг өсч байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 39 гэмт хэргийг хянаж ажиллалаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.