Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.08/ 08.00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэж байгаа ажээ. Тухайлбал, Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. 800 орчим ажилтан, албан хаагчтай тус компани коронаврусийн халдвар гарсан цагаас хойш буюу нэгдүгээр сараас хойш үндсэндээ ажиллахгүй байгаа бөгөөд үйл ажиллагаа нь доголдож эхэлжээ.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна. 04-р сарын 30 хүртэл хөл хориог цааш сунгах уу, хүүхдүүдийн хичээл завсардалтыг хэрхэн нөхөх, ЭЕШ өгөх хүүхдүүдийг хэрхэн бэлдүүлэх гээд олон асуудал энэ салбарт тулгамдаж байгаа юм.
Түүнчлэн, “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.