Ковид-19 цар тахал дэлхийн хүн төрөлхтөнд аюул заналхийлж байгаа ч зэрлэг ан амьтад, байгаль дэлхий хүний хөл хөдөлгөөнөөс бага ч болов холдож, тэнийж буйг эх сурвалжуудад дурдах болжээ. Үүний нэг жишээ нь олон жилийн турш үржилд орж чадахгүй байсан хулсны баавгайнууд хувийн орчноо бүрдүүлж чадсан болоод ч тэр үү үржилд орсон тухай CNN мэдээлсэн байна.
Хонконгийн Ocean Park амьтны хүрээлэнд удаан хугацаанд нутагшиж буй Ин Ин, Ле Ле хоёр байгалийн жамаар үржилд оролгүй 10 жил болсны дараа өнгөрсөн даваа гарагт амжилттай үржилд орсон байна. Тиймээс хээл тогтож, амьтны хүрээлэн удахгүй шинэ гишүүнтэй болж, Ин Ин Ле Ле хоёр эцэг эх болох өндөр магадлалтай баярт мэдээг дуулгажээ.
Хулсны баавгай байгалийн жамаар үржилд орох нь хиймлээр хээлтүүлснээс илүү үр дүнтэй байдаг байна. Коронавирусийн халдвар Хонконгийн нутаг дэвсгэрт илэрч нэгдүгээр сараас хойш амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоожээ. Хулсны баавгайн үржил 3-5 дугаар саруудад явагддаг бөгөөд энэ жилийн гуравдугаар сараас хойш Ин Ин ихэнх цагаа усанд тоглож өнгөрөөх болсон ба Ле Ле түүнийг тойрон эргэлдэж, ихэнх цагаа өнгөрөөдөг газруудад үнэрээ үлдээх болсон байна.
Хэрэв үржил амжилттай болж Ин Ин хээлтсэн бол түүний бие, зан авирт өөрчлөлт гарах учир амьтны хүрээлэнгийнхэн хянуур ажиглаж байна. Эдгээр өөрчлөлтүүд зургадугаар сараас ажиглагдаж эхлэх ёстой ажээ.
Эх сурвалж: CNN