ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, "Ардын элч-Ч.Ойдов" сангаас хамтран Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч Чойжамцын Ойдовын мэндэлсний 100 насны ойд зориулсан тэмдэглэлт ажлын хүрээнд зохиолчийн бүтээл туурвилыг эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлбартайгаар хоёр ботиор дээжлэн хэвлэж, зохиолчийн туурвилзүй, уран бүтээлийг эрдэмтэн судлаачид хэрхэн үнэлсэн, бүтээлийн үнэ цэн, шинээр гар бичмэлээр олдсон зарим зохиолын хамтаар уншигчдад өргөн барив. Зохиолч Ч.Ойдов 1940-өөд оноос уран бүтээлээ эхэлсэн тэрбээр жүжиг, жижиг үзэгдэл, шог гараа, кино зохиол, өгүүллэг, тууж, найруулал, тэмдэглэл зэрэг тайз, дэлгэцийн болон үргэлжилсэн үгийн олон зохиол туурвисан нь монголын уран зохиолын түүхийн үнэт өв болж уран бүтээлийн сан хөмрөгт үлдсэн.
Уншигч танд толилуулж буй “Зохиолын цоморлог” I, II боть ном зохиолч Ч.Ойдовын урьд өмнө хэвлэгдсэн болон шинээр гар бичмэлээр олдсон бүтээлийн шилмэл эмхэтгэл юм. Нэг талаас уг бүтээл ХХ зууны Монгол уран зохиолын түүхийг шинээр тодотгон авч үзэхэд үнэтэй баримт болох, нөгөө талаас хувь зохиолчийн туурвилзүйн ур чадварыг дахин хянан тодорхойлоход эрдэм шинжилгээний болон практик ач холбогдолтой юм.
I дэвтэрт: түүний амьдрал, уран бүтээл”-ийн тухай эрдэм шинжилгээний өгүүлэл, “Жүжиг”, “Кино зохиол”, зургийн цомог
II дэвтэрт: “Нэг бүлэгт жүжгийн зохиол”, “Дуурийн цомнол”, “Хүүхдэд зориулсан жүжгийн зохиол”, “Үлгэрийн чуулган”, “Тууж”, “Шүлэг, найраглал”, “Шог шүлэг, яриа”, “Өгүүллэг”, “Найруулал”, “Тэмдэглэл”, зургийн цомгоос бүрджээ.
Энэхүү бүтээл нь ЕБС-ийн сурагчид, Улсын их дээд сургуулиудын хэл, утга зохиолын ангийн оюутан, багш нар, монгол хэл, утга зохиол, соёлыг дээдлэн хүндэтгэх хэн бүхэнд оюун билгийн дээд ном болох юм.