Засгийн газраас коронавирусийн эсрэг эдийн засгийн долоон арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой. Чуулганаас өмнө Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооны хуралдааны талаар Төсвийн байнгын хороон дарга Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Байнгын хороон дээр хэд хэдэн санал гарсан. Засгийн газар төсвөөс цалинждаг хүмүүсийн цалин буураагүй учраас НДШ, ХХОАТ-ыг чөлөөлөхгүй гэсэн. Гэвч төсвөөс цалинждаггүй Төрийн өмчит үйлдвэрийн газрууд байдаг. Тэдгээрийн ажилчдыг НДШ, ХАОАТ-аас чөлөөлье гэдэг санал гараад надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Маргааш эцсийн байдлаар шийднэ.
-Засгийн газар 5.1 их наядын арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Орлогын эх үүсвэр нь тодорхойгүй байна?
-5.1 их наядын талаар манай байнгын хороон дээр ажлын хэсэг гараад нарийвчилсан судалгаа хийж байна. Төсвийг одоохондоо заавал тодотгох шаардлагатай гэж үзэхгүй байна. Гэхдээ шаардлага үүсвэл тодотгоно. Намын бүлэг эхний ээлжинд төсөв тодотгохгүй гэдэг байр суурьтай байна.