Пакистан улсад коронавирустэй тэмцэж буй эмч нарт хамгаалах хэрэгсэл дутуу байгааг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаалд оролцсон 53 эмчийг баривчлан саатуулсан байна.
Баруун урд нутгийн Балочистан мужийн нийслэл, хамгийн том Куэтта хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 100 гаруй эмч оролцжээ. Цагдаа нар даваа гарагт жагсаалыг тараахыг оролдсон байна. Эмч нарыг коронавирусээр халдварласан өвчтөнүүдтэй ажиллахад амны хаалт, нүдний шил зэрэг хамгаалалтын хэрэгсэл дутмаг байгаа нь жагсаал хийхэд хүргэжээ.
Тус улсад халдварын 3,864 тохиолдол бүртгэгдэж 57 хүн нас бараад байгаа юм. Өнгөрсөн сард халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж байсан нэг эмч, нэг сувилагч нас баржээ. Үүний дараа 20 гаруй эмнэлгийн ажилтанд хийсэн шинжилгээгээр Ковид-19 илрээд байна.
Зөвхөн Пакистанд ч гэлтгүй Энэтхэг зэрэг халдвар тархсан улс орнуудад эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилтнуудад үзүүлэх хамгаалалтын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хомсдол үүсээд байгаа юм.
Эх сурвалж: The Guardian