Хилээ хаан, коронавирусийн тархалтын эсрэг хатуу чанга арга хэмжээ аваад байсан Австри улс хэвийн байдалдаа аажмаар шилжих алхмаа эхлүүллээ. Тус улсын 12 297 иргэн халдвар авч, 220 хүн нас барсан боловч, халдварыг тодорхой хэмжээнд хяналтандаа авсан гэж үзэж байгаа учир дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн жижиг дэлгүүрүүд болон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээхээр шийдсэн байна.
Австри улсын канцлер Себастьян Курц "Худалдаа, аж үйлдвэр аажмаар хэвийн байдалдаа орох ёстой" гэж даваа гарагт мэдэгджээ. Үүний тулд коронавирусаас сэргийлэх хувийн ариун цэврийн дэглэмийг өндөржүүлэх шаардлагатайг дурдсан байна.
Амны хаалтыг зөвхөн супермаркетууд төдийгүй нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зүүх шаардлага тавьжээ. Мөн амны хаалтыг ажлын байран дээр аль болох өмсөх хэрэгтэй гэжээ.
Үүний дараа тавдугаар сарын 1-нээс эхлэн бүх төрлийн дэлгүүрүүд эргэн нээгдэнэ. Харин ресторан, зочид буудлууд хаалттай хэвээр байх бөгөөд тавдугаар сарын дундуур нээхийг зөвшөөрнө хэмээн канцлер Себастьян Курц амлав.
Иргэд зөвхөн ажилдаа явах, эмнэлэг, эмийн сан, дэлгүүр орох болон спортоор хичээллэхийн тулд орон сууцнаасаа гарч болно. Зургадугаар сарын эцэс хүртэл бүх төрлийн арга хэмжээг цуцалсан байна.
Ерөнхий боловсролын сургуулиудыг тавдугаар сарын дунд үе хүртэл хаасан дэглэм хэвээр үргэлжилж, их дээд сургуулиудын энэ удаагийн семестр зөвхөн цахимаар орно.
"Бид бусад орнуудтай харьцуулахад илүү хурдан, илүү чанга арга хэмжээг авсан бөгөөд хамгийн муу нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж чадлаа" хэмээн Австрийн нэгэн улстөрч хэлжээ.
Эх сурвалж: faz.net