Шотландын Эрүүл мэндийн яамны ахлах зөвлөх Кэтрин Калдервуд коронавирусийн хөл хорионы үеэр хоёр ч удаа дүрэм журам зөрчсөн нь ил болсны дараа огцорчээ.
Тэрээр Эдинбург дахь гэрээсээ нэг цагийн зайтай байдаг Эрлсферри хот руу гэр бүлийн хамт очсон гэрэл зураг сонин хэвлэлд нийтлэгдсэний дараа хорио цээрийн дүрмийг зөрчсөн хэргээр цагдаагийн санамж авсан байна.
Шотландын Эрүүл мэндийн ахлах зөвлөх тэрээр телевиз, радиогоор олон нийтийг гэртээ байхыг зөвлөж, ингэснээр олон хүний амийг аврах болно хэмээн уриалж, Шотландын Тэргүүн сайд Никола Стёржений хамт өдөр тутмын телевизийн хэвлэл мэдээллийн хуралд оролцож байв.
Доктор Кэтрин Калдервуд энэ үйлдэлдээ уучлал гуйсан ч эхэндээ албан үүрэгтээ үлдэхээр төлөвлөж байжээ. Доктор Калдервуд алдаа гаргасан боловч ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой хэмээн Тэргүүн сайд Никола Стёржен түүнийг дэмжиж байсан юм.
Гэвч Калдервуд ням гарагийн 22:00 цагийн үед "Өөрийн хийсэн үйлдэл,гаргасан алдаандаа гүнээ харамсаж байна" гэсэн мэдэгдэл гаргасан бөгөөд улсын Эрүүл мэндийн яамны ахлах зөвлөхийн албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC