СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-04-07

LIVE: М.Энхболд: УИХ-ын дарга захирамж гаргаад шийдчих асуудлыг хууль өөрчлөлт оруулж "хүндрүүлэх" хэрэггүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10:00 цагт төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Хуульд оруулах гол өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж зохицуулжээ.

Үүнийг нарийвчилбал хуралдаан даргалагч цаг хураалтын цагийг урьдчилан мэдэгдэх. Гар өргөж, эсвэл цахим хурлын программыг текстэн мэдээлэл солилцох нийтийн хэсэгт саналаа өгөх хэлбэрээр явуулах. 

Хуралдааны дэг зөрчсөн болон өөр асуудлаар үг бичих зэрэг саад учруулсан үйлдэл гаргавал гишүүдэд сануулах, тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх, асуулт асуухыг хориглох, 3 цаг хүртэл хугацаагаар дээрх эрхийг хасах зэрэг асуудлыг зохицуулсан. 

Боломжтой бол хуучин дэгээрээ явна. Боломжгүй буюу хөл хорионы үед цахим дэглэмийн хууль үйлчлэх зохицуулалт хийжээ. Зардал мөнгө шинэ эх үүсвэр шаардагдахгүй аж. 

Хууль санаачлагч хуульд оруулж байгаа гол өөрчлөлтийг дурдсаны дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хуулийн 5-ын 5 дээр "онцгой нөхцөл" гээд бичиж. Хуулийн хүрээг нь гамшгийн тухай хуулийн тэддүгээр зүйлийн тэд дэхь заалт гэж томьёолж болоогүй юм уу. Дараа дахин ийм байдал үүсвэл тухай бүрд нь хууль санаачлаад байх хэцүү шүү дээ?

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Гамшгийн тухай хуулийг өнгөрсөн парламент баталсан. Бүрэн дүүрэн харж чадаагүй зүйл бий байх. Аюулт үзэгдэл ослын улмаас хүн амьтан олноор хорогдох, эрүүл мэнд хохирох, улс болон орон нутгийн нөөц боломжоос давсан хохирол учрах гэх мэт. Харин аюулт үзэгдэл гэдэг нь хүчтэй цасан болон шуурга, хүн мал амьтны гоц халдварт өвчин, хортон шавж тархах гэх мэт.

Аюулт үзэгдэлтэй хамруулах гэхээр хүн малын гоц халдварт өвчинтэй дүйцэхгүй байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуульд олон улсын хөл хориот өвчин гэдэг заалтад энэ цар тахал багтаж байгаа юм. Энэ томьёоллоор явья гэж тогтсон л доо. 

Түр дэг байх уу, байнгын дэг байх уу гэдэг асуудал тавигдсан. Байнгын байх нь зүйтэй юм гэж шийдсэн. Онц байдал зарласан, дайн бүхий байдал, олон улсын хөл хориот дэглэм тогтсон үед дэгийн хуульд энэ заалт байж байгаа. Шаардлага гарсан үед хэрэглэх юм. 

УИХ-ын Тамгын газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа: Цахим хуралдаанд хоёр төрлийн программ хангамж ашиглана. Хэлэлцүүлгийн болон санал асуулгын программ хангамж юм. Хэлэлцүүлгийнх нь олон улсад ашигладаг бол санал хураалтын программыг үндэсний ААН-ийн тусгайлан манайд зориулан хөгжүүлсэн программ. Санал хураалтад ашиглахаар  хоёр программыг бэлтгэсэн. Гишүүд санал өгөхдөө дүрсээ харуулж гараа өргөх эсвэл цахим байдлаар буюу хэлэлцүүлгийн программуудад гар өргөх гэсэн функцтэй. Санал хураалт явуулах хоёр программын аль алинд нь саналын томьёолол бичих боломжтой.  Тухайн үед гишүүдээс зарчмын зөрүүтэй саналууд гарсан үед дараа нь нөхөөд оруулах боломжтой. Урьдчилаад санал хураалтыг оруулж болно.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Энэ онцгой нөхцөл байдал чуулган, байнгын хорооны хуралдаан богино хугацаад хуралдаж оновчтой саналуудаа хэлж аль болох удаанаар сууж бөөгнөрөхгүй байх тал дээр анхаармаар байна.

Нэгэнт хүн өөрийн өмнө тулгарсан зүйлээ хуульчилж гаргадаг жамтай. Үүнээс өмнө Гамшгийн тухай хуульд зудын тухай асуудал, энэ үед ямар ямар арга хэмжээг авах гэдгийг тусгаж байсан. НҮБ-д хүртэл зуд гэдэг монгол үгийг бүртгүүлж байсан. Тухайн үед Монгол Улсад амаргүй нөхцөл байдал тулгарч байсан. Өнөөдөр дэлхий дахинд тархсан цар талын үед бид яаж хуралдах вэ гэдэг Дэгийн хуулиа ярьж байна. Одоо батлагдсан хуулийнхаа хүрээнд асуудлыг шийдээд явах ёстой гэж би хувьдаа үзэж байна.

Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлыг зарласан энэ үед бид цахимаар хуралдах гэдгийг Дэгийн тухай хуульдаа оруулах гэж байгаа ийм л өөрчлөлт. Энэ нь хуульдаа байнгын байдаг, хэзээ хэрэглэх үү гэдэг нь Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлыг зарласан үед УИХ-ын дарга захирамж гаргаад горимд шилждэг байх ёстой. Түүнээс биш тусад нь хууль гаргаад байх хэрэггүй. Асуудлыг хөнгөн, түргэн түргэн шийдэх шаардлагатай. Өнөөдөртөө энэ хуулийг батлахгүй бол болохгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.