СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2020-04-07

Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хүн төрөлхтөн тэр чигээрээ тэсч ядан хүлээдэг зуны олимпийн наадам болохоосоо 122 хоногийн өмнө бүтэн жилээр хойшилчихлоо. МҮОХ ч уг шийдвэрийг дэмжин хүлээн авав. Тэгэхээс аргагүй юм. Дэлхий нийтээр “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд ялах уу, “Токио-2020” олимпод медалийн ялалт байгуулах уу гэсэн сонголт бий болоод байгаа цаг үе л дээ. . Сүүлийн жилүүдэд олимп бүхнээс л нэг шинэ мэдээ сонсдог болсон. Тэгвэл энэ жил үгүй нь ээ.

Баг, тамирчдын хувьд олимп хойшилсон мэдээг 100 хувь таатай хүлээж аваагүй шүү дээ. Учир нь зарим тамирчин олимпийн тухай урьдын дүр зурагаа сэргээн бодож нойроо хугаслан байсан бол анх удаа оролцох гээд дэрвэж буй нь бас цөөнгүй бий. Ийм болохоор тамирчин бүрт янз бүрээр л тусч буй. Энэ дотроос бөхийн төрлийнх­ний тухай зарим жи­шээг хэлмээр байна л даа.

Спор­­тын мэр­гэ­­жил­тэн, хашир дасгал­жуу­лагч нар:

-Яг амжилт гаргахаар бие бялдрын цикль нь энэ үед таарсан тамирчид байна. Тэр дотор бөхийн төрөлд цойлох үе нь хэтэрсэн нь ч бас бий. Тэдэнд энэ жил олимп болохгүй гэдэг хүнд цохилт авчирч байна. Харин бэлтгэл нь ханах хараахан болоогүй залуу тамирчдад бол ашигтай мэт байх болов уу гэж ярьж байна. Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа гэхэд шавийнхаа өмнөөс толгойгоо барьж сууна. Тэр шавь нь дэлхийн аварга жүдоч, гавьяат тамирчин М.Уранцэцэг. Түүнд оролцоогүй тэмцээн, аваагүй медаль бараг байхгүй. Тиймдээ ч тэр тив, дэлхийн чанартай тэмцээн хамгийн олон медальтайгаар гаригийн тамирчдыг манлайлж Гиннесийн номд бичигдсэн гайхамшигтай тамирчин. Чухам л энэ жил түүнд ганц дутуугаа гүйцээж олимпоос медаль авах зорилго байсан. Тамирчны хувьд амжилт гаргах цикль үе нь ч энэ жил. Багшийнх нь үгийн утга ийм. Өөрөө ч “Би Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш тавьсан” гэж хэлж байсан удаа бий.

Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа байна. Бас л нэг үе буураад байсан бэлтгэлийн цикль нь энэ жил тун өсгөлөнгүй байгаа гэх. Харамсалтай нь олимп хойшилчихдог. Чөлөөт бөхийн хувьд хоёрхон хүн олимпийн эрхээ аваад байсан. Түүний нэг нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг. Тэр энэ жил олимп болсон бол урьд нь авсан медалийнхаа өнгийг хувиргахыг эрмэлзэж байв. Гэтэл дахиад нэг жил олимпийг хүлээх л болчихлоо. Хэцүү гэхэд ч хаашаа юм. Олон жил барилдлаа гэдэг нэг хэрэг. Харин бэлтгэл чамбай байх нас юу билээ. Ийм үгийг дасгалжуулагчид нь хэлж байгаа юм. Мөн өмнөх олимпод медалийн оосроос атгаад алдсан тамирчин бол чөлөөтийн улсын шигшээгийн нүүрийг олон жил тахалж яваа Г.Мандахнаран гавьяат. Тэр өмнөх олимпод барилдахдаа ердөө нэг минут л сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадсан бол медальтан болчих байсан хүн. Нас жаахан орой болж яваа ч энэ жил даагаа нэхье гэсэн бодол түүнд байсан л байх. Уг нь Г.Мандахнаран, хүсэл зорилгодоо үнэнч, өөрийнхөө аль байгааг шавхаж барилддаг онцлогтой тамирчин. Тиймдээ дэлхийн аваргын хошой медальтан болсон. Энэ мэтээр зарим тамирчинд нэг жилийн хүлээлт амаргүй байж магадгүй юм.

Харин жүдочдоос Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар О.Ууганбаатар, Л.Сосорбарам, Б.Ганхайч, О.Цэцэнцэнгэл болоод чөлөөтөөс дэлхийн аварга С.Цэрэнчимэдээс эхлээд Т.Түвшинтулга, Л.Лхагвагэрэл, Б.Шоовдор, Х.Болортуяа мэтийн эр бяр нь ид жагсаж яваа залууст бол олимп энэ жил үү, хойтон уу гэдэг асуудал биш биз ээ. Ямартай ч аюулт өвчнийг дэлхий нийтээр ялан дийлж булшлаад амар амгалан үе ирсэн тэр сайхан өдрийг л хүлээх нь ээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.