Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдлаа. МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан коронавирусийн эсрэг авах эдийн засгийн долоон арга хэмжээг хэлэлцээд үндсэндээ дэмжжээ. Тиймээс УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт яаралтай хэлэлцэх ёстой гэж үзсэн байна.
Гэхдээ НДШ, ААНОА, ХХОАТ-аас чөлөөлөхөд гурван субъектийг хамруулахгүй байх санал дээр зарчмын өөр байр суурь гаргасан байна. Тухайлбал,
-Төрийн албан хаагчид, төсөвт байгууллагуудыг,
-Төрийн өмчит ААН-д ажиллагсад, байгууллагуудыг,
-Улсын болон орон нутгийн төсвөөр ажил гүйцэтгэж буй ААН-үүдийн ажилтнуудыг НДШ, ХХОАТ, ААНОАТ-аас чөлөөлөхгүй гэдгийг Сангийн сайд танилцуулсан. Тэгвэл МАН-ын бүлэг төсөв гүйцэтгэж байгаа ААН-үүдийг НДШ, ХХОАТ, ААНОТ-аас чөлөөлөх хэрэгтэй гэж үзжээ.
Мөн үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох шийдвэр дээр МАН ажлын хэсэг гаргаад судалгаа, тооцоо хийх, улмаар бүх ААН-үүдийг хамруулах чиглэлд ажиллахаар болсон байна.
Түүнчлэн НДШ-ээс чөлөөлөхөд хувийн болон төрийн өмчит бүх их дээд сургуулиудыг хамруулах шаардлагатай гэж үзжээ.