СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн тохиолдол өссөн ч Ялалтын баярын жагсаалд бэлдэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ Ялалтын баярын жагсаалаа энэ жил коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан цуцалж магадгүй гэсэн цуу яриа гараад байгаа юм. Гэвч эрх баригчид баярыг цуцлахгүй бөгөөд баярын жагсаалын бэлтгэлээ үргэлжлүүлж байгааг The Guardian онцолжээ. ОХУ-д 24 цагийн дотор Ковид-19 цар тахлын тохиолдол мянга орчмоор нэмэгдэж, нийт 6,343 иргэн халдварлаж, 47 хүн нас барсан байна.

Тавдугаар сарын 9-ний өдөр болох Ялалтын 75 жилийн ойн баярын жагсаалд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин урьжээ. Мөн дэлхийн бусад удирдагчдыг баярын жагсаалд урьсан ба баярын арга хэмжээ улс төрийн чухал ач холбогдолтой юм.

Москва хотын иргэд хөл хорионд орж, дэлхий даяар олон нийтээс зай барихыг уриалж байгаа ч нийслэлийн гадна 15,000 цэрэг жагсаж буй бичлэг цацагдсан байна. Оросын Батлан хамгаалах яам уг бичлэгийг Ялалтын баярын жагсаалын бэлтгэл гэдгийг баталжээ. Уг бичлэгт Москвагийн Улаан талбайг дуурайлган зассан газарт Т-34 танкууд харагдсан байна.

Оросын Ерөнхий прокурорын газраас хэвлэл мэдээллийн агентлагуудыг баярын жагсаал цуцлагдаж магадгүй тухай цуу яриаг дамжуулахдаа болгоомжтой хандахыг уриалж, хуурамч мэдээлэл дамжуулсан хэрэгт буруудна гэдгийг анхааруулжээ. Мөн Гадаад хэргийн яамнаас олон нийтийн цахим сүлжээнд “Тавдугаар сарын 9 бол Оросын сая сая иргэн төдийгүй тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад түүхэн чухал өдөр юм. Ялалтын баярын жагсаал Улаан талбайд тов ёсоор болно” гэж мэдэгдсэн байна.

Эрх баригчид 50-аас  дээш хүн нэг дор цуглахыг хориглосон ч 15,000 цэрэг шил шилээ харан жагсахыг эсэргүүцэж шүүмжлэх нь их байгаа юм. Энэ тал дээр Оросын Батлан хамгаалах яам тайлбар хийж, жагсаалд оролцох цэргүүдийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхэлд нь авч хэрэгжүүлсэн гэжээ.

Хэдийгээр Япон, Францын төр засгийн тэргүүнүүд баярын жагсаалд уригдсан боловч улс оронд нь коронавирусийн халдвараар мянга мянган иргэн нас барж байгаа тул Москвад айлчлах эсэх нь эргэлзээтэй юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.