“Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, үйлчилгээнд зарцуулагдах 3.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, оронд нь цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг өөрийн зардлаар тохижуулж өгөх саналыг гаргасан юм.
Тэгвэл тус саналд нийслэлийн удирдлагууд талархаж буйгаа мөн саналыг хүлээн авах болсноо мэдэгджээ. Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр иргэдээс ирүүлсэн асуултын дагуу “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Д.Ганболдын мэдэгдэлд хариу өглөө.
Тэрбээр “Ажил хэрэгч санал гаргасан иргэн Д.Ганболдод талархаж байна. Сошиолоор ийм санал тавьж байгааг албаны хүмүүс надад мэдээлсэн. Албан ёсоор бол санал ирээгүй байгаа. Санал солилцож, хүлээж авч уулзахад бэлэн. Хүндрэлтэй нөхцөл байдалд нийт хот тохижилтын албан хаагчдын хийж гүйцэтгэж байгаа ажлыг цааш нь хэвийн үргэлжлүүлэх, хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшилтэй хэнтэй ч хамтарч ажиллах бүрэн боломжтой. Ялангуяа өөрийн санаачилгаар алт, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас анх удаа Улаанбаатар хотод энэ ажлыг өөрөө хариуцаж, зардлыг нь гаргаж хийе гэсэн иргэний саналыг талархалтай хүлээж авч байгаа. Цаашдаа хуулийн хүрээнд санал солилцоход бэлэн байгаа” хэмээв.
Тэгвэл “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд өөрийн цахим хуудсандаа “Мушгиж гуйвуулалгүй ажил хэрэгч хүлээж авч байгаа бол Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан танд маш их баярлалаа!! Та бүхний бодож төлөвлөсөн өндөр өртөгтэй, утга агуулгагүй усан оргилуур мэтийн үрэлгэн төслийг би санхүүжүүлнэ гээгүйг БҮХ ХҮН ойлгож бгаа!!! Шаардлагатай шугам сүлжээ, жорлон шинэчлэл, цэвэрлэгээ тохижилтыг би хувиасаа хийгээд өгъё гэсэн!! Иргэд дүнгээ тавина биз!!” гэжээ.
Хотын даргын хувьд усан оргилууртай энэ төслийг бүхлээр нь хэрэгжүүлэх юм байна гэж ойлгосон бол "Алтан Дорнод" ХХК-ийн Д.Ганболдын хувьд уг төслийг эсэргүүцэж дээрх 3,2 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах юм бол одоо байгаа цэцэрлэгт хүрээлэнг жорлонтой, усалгааны системтэй болгохоо илэрхийлсэн юм.
Иймээс Хотын дарга С.Амарсайхан буруу ойлгов уу, "Алтан Дорнод" ХХК-ийн Д.Ганболдын хувьд буруу ойлголт өгөв үү. Ядагч байсан хоёр талаасаа уулзаж, асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй болов уу.