Коронавирусийн хөл хорионы үеэр дуу чимээ гаргалаа хэмээн ОХУ-д таван хүн буудсан хэргийн талаар бид өглөө мэдээлсэн. Филиппинд бас үүнтэй төстэй явдал болжээ.
Филиппинд 63 настай эр коронавирусийн шалган нэвтрүүлэх цэг дээр тосгоны албан тушаалтнууд болон цагдаа нарыг өвсний хадуураар заналхийлэхэд нь түүнийг буудан хөнөөжээ. Пүрэв гарагт өмнөд мужийн Насипит хотод болсон энэ хэргийн үеэр эрэгтэй согтуу байсан гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.
“Сэжигтэнд тосгоны эрүүл мэндийн ажилтан амны хаалт зүүхийг анхааруулахад сэжигтэн уурлаж, хараал хэлэн, улмаар ажилтнууд руу хадуур далайн дайрсан” гэж мэдэгдэлд дурджээ.
Сэжигтэнг тайвшруулахыг оролдож байсан цагдаа эцэст нь түүнийг бууджээ. Энэхүү явдал нь цагдаа нар коронавирусийн тархалтын эсрэг хязгаарлалтыг дагаж мөрдөхөөс татгалзсан энгийн иргэнийг буудсан анхны тохиолдол юм.
Ерөнхийлөгч Родриго Дутерте лхагва гарагт цагдаа, цэрэгт асуудал үүсгэсэн хэнийг ч буудна гэж сануулсан. Тэрээр "Энэ цаг үед Засгийн газрыг дага. Бид дэг журамтай байх нь нэн чухал. Эрүүл мэндийн ажилтнууд, эмч нарт хор хөнөөл учруулах ёсгүй. Учир нь энэ бол ноцтой гэмт хэрэг. Хэрэв хэн нэгэн асуудал үүсгэж, амь насанд нь аюул учруулах аваас цагдаа, цэрэгт би шууд буудан хөнөөх тушаал өгсөн” гэжээ.
Эх сурвалж: aljazeera.com