Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч З /26 настай, эрэгтэй/ энэ сарын 3-ны өдөр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар мөсөн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.
Нийт 33 хүн, 9 автомашинтайгаар энэ сарын 5-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн байна. Ингээд тус газарт 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоон 14:50 цагт цогцсыг, 18:13 автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Түүнчлэн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар энэ сарын 6-нд 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.