Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар 211 улсад бүртгэгдэж, шинээр 2 оронд бүртгэгдэв. Дэлхий даяар нэг сая 200 гаруй мянган хүн халдвар авч 69 мянган хүн нас бараад байна. АНУ Европын улсад халдвар эрчимтэй тархаж байгаа бол Япон улсад шинээр 367 тохиолдол бүртгэгдээд байна. Тус улсын 47 мужаас 44 мужид халдвар тархасан. Сингапур улсын гадаадын ажилчдын дотуур байранд коронавирусийн 100 тохиолдол бүртгэгдэж, 20 мянга гаруй иргэн 14 хоног хөл хорионд оржээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар 2075 хүн ажиглалтанд байгаагаас 21 хоногтой нэг хүүхэд халуурсан тул эрчим эмчилгээ хийлгэж байна. 212 иргэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан турк иргэнээс шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 15 боллоо. Турк иргэний хувьд өмнө нь халдвар илэрсэн хүний ойрын хавьтал байсан. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Өмнөх шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
- Өчигдөр олон нийтийн сүлжээгээр гэртээ тусгаарлагдах ёстой байсан иргэн хаягаа буруу мэдээлээд тусгаарлах үүргээ биелүүлээгүй байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Д.Нарангэрэл: -Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлэл яваад байсан. Ер нь бол Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Гамшгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.
Мөн худал мэдээлэл тараах, төрийн албан хаагчийг доромжлох тохиолдлуудад арга хэмжээ тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.
-Тусгаарлалтад ажиллаж байгаа эмч нар ээлжээ сольж байгаа юу?
Д.Нарангэрэл: -ХӨСҮТ-д н.Чинбаяр эмчээр ахлуулсан долоон хүнтэй баг ажиллаж байгаа. Бусад тусгаарлах байр болон орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тухайд тусгаарлагдаж байгаа хүмүүстэйгээ хамтдаа тусгаарлалтаас гарна.