Дэлхийн түүхэнд бичигдсэн хамгийн том хэмжээний цөмийн цахилгаан станцын осолд тооцогддог Чернобылийн ойролцоо өнгөрсөн бямба гарагт ойн түймэр асчээ. Украйны эх сурвалжуудын мэдээлснээр Чернобылийн хориотой бүсийн ойролцоо түймэр ассанаас цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн үеийнхээс 16 дахин ихэссэн байна.
Ойн түймрийн голомтод цацраг идэвхжлийн хэмжээ амь насанд аюулгүй гэж тооцдог түвшнээс хэд дахин өссөн нь маш муу зүйл хэмээн Украйны экологийн ажиглалтын төвийн дарга Егор Фирсов мэдэгджээ. Түймэр одоогоор 100 га талбайг хамран шатаад байна.
Киевээс хоёр нисэх онгоц, нисдэг тэрэг, 100 гал сөнөөгч дайчлан Чернобылийн эрчим хүчний станцтай ойролцоо бүсэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Ням гарагийн өглөө түймрийг цурманд оруулж, цацраг идэвхжлийн хэмжээ нэмэгдээгүй ч ойролцоох бүс нутагт оршин суудаг иргэдийн сэтгэл санааг тавгүйтүүлж эхэлжээ.
1986 онд тус станцын дөрөв дэх реактор дэлбэрснээр Чернобыль нь Европ тивд цацраг идэвхт бодисоор хордсон хамгийн том нутаг дэвсгэр болон үлдсэн юм. Ойр орчмын 30 км-ын радиуст иргэдийг нэвтрэхийг хориглодог байна. Үлдсэн гурван реакторыг ажиллуулж байсан ч 2000 онд бүрэн зогсоосон бөгөөд ойролцоох бүсэд ойн түймэр гарах нь элбэг тохиолддог ажээ.
Эх сурвалж: The Guardian