Утгыг мэдэж баярлах, үнэ цэнийг мэдэж ёслох нь Монгол түмний минь ухаан билээ. Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочлон золгодог заншилтай.
Ирэх жилийн өнгө, эд баялаг, сайн сайхан явахыг бэлгэдэж, хавсай буюу ул боовоор тавгийн идээгээ засаж, ууц шүүсээ чанаж, гэр орныхоо тоос шороог цэвэрлэн, шинэ хувцас дээлээр гоёх зэрэг уламжлан ирсэн ёстой улс.
Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөж, дахин ул буюу нас дуудаж тавгийн идээгээ засдаг юм.
Өөрөөр хэлбэл, ул боов нь урт наслахын бэлгэдэл юм. Зарим залуу гэр бүлүүд 3 эсвэл 4 боовоор идээ зассан байх нь бий. Цагаан сарын жинхэнэ ёсноо идээг зөвхөн 5 ул боовоор л тойруулан засдаг ажээ. Энэ нь хүний махан, ясан, цусан, сүнсэн, гэрлэн хэмээх 5 биеийг бэлгэдэж байгаа юм. Тойргийн тоо нь биеийг илэрхийлдэг бол, дээшлэх үеийн тоо нь гэрийн эзний насыг илэрхийлдэг. Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг байна.
Гэхдээ залуу хүмүүс гурван үеэр тавгаа засах нь үр хүүхдээ, ач зээгээ гээд өөрөөс гадна хоёр үеэ үзэхийн бэлгэдэл болгон засаж байгаа учиртай.
Ул боов нь урт нас, бие махбодыг бэлгэддэг учраас “Удам судар нь урт удаан үргэлжилнэ” гэсэн утгаар зөвхөн цусан төрлийнхөндөө хүртээдэг уламжлалтай билээ.