Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Борис Жонсонд коронавирусийн халдвар илэрснээс хойш 10 хоногийн дараа биеийн байдал нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн гэдгийг эх сурвалжууд дамжуулж байна. Түүнийг ням гарагийн орой "Лондон" эмнэлэгт хүргэжээ. Халдварын шинж тэмдэг тогтмол илэрч байснаас гадна халуун нь нэмэгдсэн байна.
Ерөнхий сайд эмчийнхээ зөвлөснөөр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эмнэлэгт хэвтсэн хэмээн мэдэгджээ. Хэдийгээр Борис Жонсон Засгийн газрыг удирдаж ажлаа орхиогүй ч даваа гарагийн өглөө болох коронавирусийн халдвартай холбоотой хурлыг даргалж чадахгүй болсон тул Гадаад хэргийн сайд хурлыг даргална гэжээ.
Эх сурвалжийн дамжуулснаар Борис Жонсон эмнэлэгт хонож коронавирусийн давтан шинжилгээнүүдэд хамрагдах юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын эхэнд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны эрүүл мэндэд санаа тавьж, сайн сайхныг хүсч, бүх америкчууд түүний төлөө залбирч байгаа гэдгийг хэлж, сайн найз, шилдэг удирдагч удахгүй эдгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Зарим эх сурвалж Жонсон эмнэлэгт байх хугацаандаа цээжээ рентгенээр харуулж, амьсгалахад хүндрэлтэй болж эхэлсэн тул уушгиа нарийвчилсан үзлэг шинжилгээгээр шалгуулах юм байна. Ерөнхий сайд өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр коронавирусийн халдвартай гэсэн шинжилгээний хариу гарснаас хойш өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Мөн тэрээр өнгөрсөн баасан гарагт Твиттерт богино хэмжээний видео бичлэг оруулж өвчний шинж тэмдэг арилтал өөрийгөө тусгаарлах болно гэдгээ хэлжээ.
Борис Жонсоны жирэмсэн найз бүсгүй Кэрри Саймондс коронавирус илрээгүй ч халдварын шинж тэмдэг илэрч долоо хоногийн турш орондоо байсан гэдгээ олон нийтийн цахим сүлжээнд бямба гарагт нийтэлсэн байна.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Ханкок коронавирусээр халдварласан ч тусгаарлалтаас гарч пүрэв гарагаас эхлэн хэвлэлийн хурлыг даргалж эхэлжээ. Их Британид коронавирусийн 47,800 тохиолдол бүртгэгдэж, 5,000 орчим иргэн нас бараад байна.
Эх сурвалж: ВВС