АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнгийн дөрвөн настай Малай эмэгчин бар Надиад коронавирусийн шинжилгээ хийхэд эерэг хариу гарчээ. Шинжилгээний хариуг Айова муж дахь Үндэсний мал эмнэлгийн лабораторид баталгаажуулсан байна.
Тус амьтны хүрээлэнд байдаг Надиа бар, түүний эгч Азул болон Амурын хоёр бар, Африкийн гурван арслан хуурай ханиалгаж халдварын шинж тэмдэг илэрчээ. Бронкс хүрээлэнгийн амьтан хамгаалагч коронавирусийн халдвартай байсан бөгөөд түүнээс баранд халдсан гэж үзэж байна.
Халдварын шинж тэмдэг илэрсэн амьтдыг тусгаарлан ажиглаж байгаа юм. Харин бусад дөрвөн бар, цасны ирвэс, Амурын ирвэс, шилүүс, үчимбар зэрэг амьтдад шинж тэмдэг илрээгүй биеийн байдал нь хэвийн байгаа ажээ.
АНУ-д коронавирусийн халдварын 336,673 тохиолдол илэрч, 10,000 орчим иргэн нас бараад байна. Тэр дундаа халдвар өргөн хүрээнд тархсан Нью-Йорк хот хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан тус хотод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн амьтны хүрээлэнг өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдрөөс хойш хаасан юм.
Одоогоор коронавирус тэжээвэр амьтдаас хүнд халдсан тохиолдол илрээгүй ч хүнээс амьтдад халдсан тохиолдлууд гарч байна.
Эх сурвалж: ВВС