Төрийн албан хаагчийн анкетын шинэ хувилбарт ур чадвар гэсэн хэсэг тэр чигтээ хасагдаж, уг хэсэгт Төрийн жинхэнэ албаны шалгалт өгсөн эсэхийг тодруулсан асуулт оруулжээ.
Түүнчлэн “Гадаад хэлний мэдлэг”, “Компьютерийн болон технологи эзэмшсэн” гэсэн асуултыг хассан байна. Харин цэргийн алба хаасан эсэх асуулт шинээр нэмэгдэж орж ирсэн байна. Орчин үед хүн бүр компьютер технологийн наад захын мэдлэгтэй байж болох ч, ур чадвар гэсэн бүхэл бүтэн нэг зүйл заалтыг төрийн албан хаагчийн анкетаас хассан нь анхаарал татаж байна.
Хамгийн сонирхолтой нь гадаад хэлний мэдлэгтэй эсэх гэдэг асуултыг хасаж буй нь төрд ажилладаг эрхмүүд хэлний мэдлэгээ ард түмэнд шалгуулах хүсэлгүй байгааг илтгэж буй хэрэг юм.
Тэгэхээр төрийн албан хаагчийг яс үндэс, төгссөн сургууль, аав, ээж, хадам эцэг, эхийн намтраар нь л сонгон шалгаруулахаар Төрийн албаны зөвлөл тогтсон байна.
Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны нэгдүгээр сарын 31-нд дараах тогтоолыг гаргаж, Төрийн албан хаагчийн анкетын журамд өөрчлөлт оруулжээ.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет “А ХЭСЭГ”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет “Б ХЭСЭГ”-ийг гуравдугаар хавсралтаар, “Төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалт бичих хүснэгт”-иийг дөрөвдүгээр хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет бичих санамж”-ийг тавдугаар хавсралтаар, “Хувь хүний намтар бичих санамж”-ийг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Төрийн албан хаагчийн анкетын шинэ хувилбар
Төрийн албан хаагчийн хуучин анкет