Шадар сайд Ө.Энхтүвшин Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нисэх онгоцоор ирсэн төрсөн хүү Э.Золбоогийнхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага "Хүүгээ ирснийг мэдээгүй гэж яриагүй зүйлийг ярьсан болгож, зохиомол ярилцлага гаргасан байна лээ" хэмээсэн юм.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Түрүүний ирсэн 1000 хүний дотор ороод ирсэн байгаа. Герман-Москвагийн онгоцонд сууж ирсэн. Америкт сурдаг хүүхэд ээ. Тэр онгоцоор 231 зорчигч ирсэн. 20 орчим зорчигч дутуу ирсэн. Тийм учраас ямар нэгэн хүний оочерын урдуур дайрсан ийм асуудал байхгүй.
Өөрөө билетээ бичүүлээд, тойрсоор байгаад Москвагаар орж ирсэн хүн. Ер нь хэн ч гэсэн хүрээд ирлээ гэхэд “Цаашаа бай. Даргын хүүхэд учир” гэж би лав чадахгүй. Тэр хүмүүс чухам чадах юм уу, үгүй юу. Хамгийн гол нь төлбөрөө төлсөн байх ёстой. Хоёрдугаарт, хүний оочерыг дайрах ёсгүй. Ямар нэгэн ар, өврийн хаалгаар онгоцонд суух ёсгүй. Онгоцонд ямар нэгэн хууль зөрчсөн, журам зөрчсөн үйлдэл гаргаж болохгүй. Ийм л шаардлагууд тавина даа гэв.