Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабад Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тусгай нислэгийн үйл ажиллагааг танилцаж байна. Энэ үеэр албаны хүмүүс дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал Л.Мөнхтүшиг:
-Дэлхийн 45 улсаас Монгол улсын 6155 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ЭСЯ-аараа дамжуулан ирүүлсэн. Үүнээс, бага насны 731, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй 71, өндөр настан 226, жирэмсэн 26, визний хугацаа дуусаж байгаа 135, байр сууцны асуудалд орсон 375, санхүүгийн хүндрэлд орсон 54 иргэн байна.
Индонези улсад олон улсын тэмцээнд орсон гурван хүүхэд Токио-Улаанбаатарын нислэгээр ирж байгаа.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Зарим мэдээллийг Шадар сайдад мэдээлэхгүй байж чадахгүй нь. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан 370 иргэнээс хоёр нь л төлбөрөө төлсөн. Бусад хүмүүсээс төлбөрийг авахаар ажиллаж байна. "Баянхангай" амралтад байгаа Сэлэнгэ, Дарханы нэр бүхий 13 иргэн "Төлбөрөө төлөхгүй" гэдгээ албан бичгээр ирүүлсэн.
За саяны /Токио-Улаанбаатар/ нислэгээр ирсэн хоёр сэжигтэй тохиолдлыг онгоцны арын хаалгаар гаргаж байна гэсэн мэдээллийг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү мэдээллээ.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Нислэгийн гэрээгүй орон руу нислэг үйлдэх боломжгүй. АНУ, Канад зэрэг орон руу нислэг үйлдэх боломжгүй. Иргэд хэрэв нутаг буцъя гэвэл нислэгийн гэрээтэй Япон, БНСУ руу дөхөх хэрэгтэй. Нислэгийг ойр ойрхон хийж болохгүй юу гэсэн хүсэлт иргэдээс их ирдэг. МИАТ-ийн баг бүрэлдэхүүн тоотой. Гэтэл эдгээр хүмүүс зорчигчдын адил 21 хоног тусгаарлагддаг учир ойр ойрхон нислэг үйлдэх боломжгүй байна.