Элсэн чихэр бол олон мянган жилийн турш хүний хоол хүнсний салшгүй нэг хэсэг болсон байгалийн бүтээгдэхүүн билээ. Олон төрлөөр байдаг ч бор, цагаан элсэн чихэр нь хамгийн алдартай сортууд юм. Эдгээр хоёр элсэн чихрийг харьцуулсан энэхүү нийтлэлийг уншаад алийг нь сонгож хэрэглэхээ шийдээрэй.
Шим тэжээлийн ялгаа
Бор элсэн чихрийн кальци, төмөр, калийн агууламж нь цагаан элсэн чихрээс бага зэрэг их байдаг.
Гэхдээ бор элсэн чихэр нь цагаан элсэн чихрээс арай бага калори /илчлэг/ агуулдаг. Нэг халбага (4 грамм) бор элсэн чихэр нь 15 калоритой байдаг бол ижил хэмжээний цагаан элсэн чихэрт 16.3 калори агуулагддаг.
Эдгээр бага зэргийн ялгааг үл тооцвол хоол тэжээлийн хувьд бараг адил бөгөөд тэдний гол ялгаа нь амт, өнгөндөө байдаг.
Үйлдвэрлэдэг арга
Цагаан элсэн чихрийг хийхдээ эхлээд чихрийн нишингэ болон чихрийн манжингийн чихэрлэг шүүсийг гарган авч, цэвэршүүлэн хайлуулаад бор өнгийн өтгөрүүлсэн бурам үүсгэдэг. Дараа нь элсэн чихрийг цохиж /цөцгий цохьдог аргаар/ элсэн чихрийн талстуудыг үйлдвэрлэдэг. Гаргаж авсан чихрийн талстуудыг нүүрстэй шүүлтүүрээр шүүхэд жижиг ширхэгтэй цагаан элсэн чихэр бий болдог.
Харин эдгээр боловсруулалтуудыг бага хийсэн байгалийн өнгө нь хэвээрээ байгаа нь бор элсэн чихэр юм.
Хоолны хэрэглээ
Бор элсэн чихэр дэх бурам нь чийгийг хадгалдаг тул гурилан бүтээгдэхүүнүүдийг илүү зөөлөн, нягтралтай болгодог.
Жишээлбэл, бор элсэн чихрээр хийсэн жигнэмэг илүү чийглэг, нягт байх бол харин цагаан элсэн чихрээр хийсэн жигнэмэг илүү их хөөж, бага нягтралттай байна.
Бор элсэн чихрийг мөн барбекью соус гэх мэт олон төрлийн сүмсэнд хэрэглэдэг.
Амт ба өнгө
Цагаан элсэн чихрийг бор элсэн чихрээр соливол хоолны өнгөнд өөрчлөлт орж, карамель эсвэл бор өнгөтэй болно. Үүнтэй адил цагаан элсэн чихэр хоолыг цайвар өнгөтэй болгоно.
Бор элсэн чихэр нь карамель, эсвэл ирис шиг гүн амттай учир шоколадтай бялуу, жигнэмэг болон жимсний бялуунд илүү тохиромжтой.
Нөгөө талаар, цагаан элсэн чихэр илүү чихэрлэг байдаг тул хүссэн амтандаа хүрэхийн тулд бага хэмжээгээр хэрэглэх ба амтат нарийн боов хийхэд тохиромжтой.
Эх сурвалж: healthline.com