БНСУ-ын Кёнсан хотод 59 настай дотрын эмч өнөөдөр өглөөний 9:52 цагт коронавирусийн улмаас нас баржээ. Тэрээр гуравдугаар сарын 18-наас коронавирусээр оношлогдон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Зүрхний мэс заслын дараа биеийн байдал нь муудан нас барсан энэхүү эмч Өмнөд Солонгост коронавирусийн улмаас нас барсан анхны эмнэлгийн мэргэжилтэн болжээ.
Мэргэжилтнүүд түүнийг коронавирустэй өвчтөнийг эмчилж байхдаа халдвар авсан гэж сэжиглэж байна. Тэрээр коронавирусийн халдвар хамгийн олон бүртгэгдсэн Тэгү хоттой зэргэлдээ орших Кёнсан хотод дотрын эмнэлэг ажиллуулдаг байжээ.
Кёнсан хотын захиргааны мэдээлснээр уг эмнэлэгт хоёрдугаар сарын сүүлээр 70-аад насны нэгэн эр ирж үйлчлүүлсэн бөгөөд удалгүй коронавирусийн халдвартай нь тогтоогдсон юм. Эмнэлэг гуравдугаар сарын 6-нд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авч, нэг өдөр хаагдаад, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байжээ.
Эрх баригчдын мэдээлж буйгаар коронавирусийн дэгдэлтийн төв болсон Тэгү хотод эмнэлгийн 121 ажилтан халдвар авсан нь бүртгэгдээд байгаагаас 14 нь эмч ажээ.
БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд коронавирусийн анхны тохиолдол гарснаас хойш өнөөдрийн байдлаар 10,062 халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Амиа алдагсдын тоо 174-д хүрсэн ба нас баралтын талаас илүү хувь нь 80 ба түүнээс дээш насны өвчтөнүүд аж.
Эх сурвалж: koreajoongangdaily.joins.com, koreatimes.co.kr