УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн асуудал хариуцсан НБД Н.Цогтсайхан:
-Хаврын чуулганыг 04-р сарын 06-ны Даваа гарагт хийнэ. Коронавирусийн халдвартай холбогдуулан холбогдох газруудаас зөвлөмжүүдийг ирүүлж байна. Тиймээс энэ зөвлөмжүүдийг мөрдөж УИХ-ын чуулганы хуралдааныг цахимаар зохион байгуулна. УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас болно. Нийт таван танхимаас цахим чуулганы нээлт болно.
Чуулганы нээлтийн дараагаар хэлэлцэх асуудлууд үргэлжлээд явна. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн барьсан Цахим чуулганы дэгийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ.
УИХ-ын цахим хуралдааныг сурвалжлах түр журам гарсан.
Уг журамд:
Сэтгүүлчдэд зориулсан түр цэгийг Төрийн ордны хоёр давхарт гаргасан. Уг цэг дээр Хэвлэлийн хурлууд хийгдэнэ. Хэрэв УИХ-ын гишүүд зөвшөөрөгдсөн цэгээс өөр газар буюу өрөөндөө ярилцлага, мэдээлэл өгөх шаардлагатай бол тухайн хэвлэл мэдээллийн ажилтнуудын нэрийг Төрийн ордны Хамгаалалтын алба болон УИХ-ын хэвлэл мэдээллийн албанд өгнө.
Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцсэн асуудлуудаар Байнгын хороон дарга, хобогдох эрх бүхий хүмүүс мэдээллийн цэг дээр ирж мэдээллээ өгнө.
Шаардлагатай тохиолдолд УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас зураг, дүрс бичлэгээр хангана.
Хэвлэл мэдээллийн ажилтнууд утас, микрофон, зургийн аппаратаа тогтмол ариутгах, амны хаалтаа зүүх, ариун цэвэр сахих шаардлагатай.
УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа:
-Хаврын цахим хуралдааны бэлтгэлийг ханган ажиллаж байна. Нээлтийг таван танхимаас зохион байгуулна. Цахим хуралдааны нээлтэнд аймгийн засаг дарга, холбогдох газрын дарга нарыг цахимаар оролцох боломжийг бүрдүүлсэн.
Цаашид цахим хуралдаанд оролцох программ хангамжуудыг хангахаар ажиллаж байна.
Нэгдүгээрт, хэлэлцүүлгийн програм хангамж. Олон улсын стандартад нийцсэн программ хангамж ашиглана.
Хоёрдугаарт, санал асуулгын программ хангамж. Үндэсний үйлдвэрлэгчдийн хөгжүүлсэн програм хангамжийг ашиглахаар төлөвлөж байна.
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн бүрийг Ipad төхөөрөмжөөр хангасан. Үүнийг ашиглаж онлайн хуралдаандаа оролцох боломжтой. Бүх программ хангамжуудыг суулгасан.