АНУ-ын Нью-Йорк хотын цагдаагийн албаны 1,500 орчим ажилтан коронавирусийн халдвар авсан нь илэрсэн бөгөөд тэдгээрийн 1,400 гаруй нь дүрэмт хувцастай цагдаагийн ажилтан байгаа ажээ. Нью-Йоркийн цагдаагийн албаны 18 хувь нь буюу 6,500 ажилтан халдвар авсныг өчигдөр мэдэгдээд байсан юм.
Комиссар Дермот Ши Америкийн хамгийн том цагдаагийн хүчний таван ажилтан Ковид-19-ээр халдварлаж нас барсан болохыг баталжээ. Тэрээр “Бидэнд гашуудаж суух цаг яг одоогоор алга. Бид ард иргэд, гэр бүлээ хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж байна” гэжээ.
Нью-Йоркийн цагдаагийн газар нийт 38,400 алба хаагчтай улсын хамгийн том цагдаа сэргийлэхийн хүчинд тооцогддог юм. Тус алба руу өдөрт хэдэн мянган өвчний дуудлага ирж байгаа тул ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс иргэдийн дуудлага хүлээн авах шугам 10 байсныг 15 болгон нэмжээ.
Бөмбөг дэлбэлсэн мэт хурдацтай тархаж буй коронавирусээс сэргийлэхийн тулд иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх, нийгмийн харилцаанд зайнаас оролцохыг зөвлөж байна. Иргэд гэрээсээ гарахаа больж хорио цээрийн дэглэмд шилжсэнээр гэмт хэргийн гаралт өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 43 хувиар буурчээ.
Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо мужийн цагдаагийн албанаас Нью-Йорк хотын цагдаагийн газарт тусламж хүргүүлж, нэмэлт хүч дайчилна гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Daily Mail