Өдөр бүр дэлхийн хэмжээнд коронавирусийн тархалтын талаар шинэ мэдээлэл нийтлэгдэж, бүх орны эмч нар тахлын өвчнийг ялахын тулд маш их хүчин чармайлт гаргаж байна. Хүмүүсийн сэтгэлийн түгшүүр нэмэгдэхийн хэрээр халдвараас хамгаална гэсэн юунд ч итгэхэд бэлэн байна. ОХУ-ын “Рамблер” мэдээллийн сайт эдгээрээс гурван зүйлийг онцолжээ.
Дизайнер маск
Моодонд ороод буй сайхан чимэглэл хэдий ч дизайнер маск нь эмнэлгийн масктай адил вирусийн эсрэг хамгаалалтгүй бөгөөд хамаагүй үнэтэй.
Вирусээс хамгаалдаг гэх энгэрийн зүүлт
Эдгээр "сахиусууд" нь хлорын давхар ислийг агуулдаг бөгөөд үйлдвэрлэгчид болон худалдагчдын хэлж буйгаар вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэх. Гэвч эмч нар үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд эмнэлзүйн хувьд огт нотлогдоогүй зүйл юм.
Түүнчлэн эмч нар хүзүүндээ сонгино сармис зүүхийг мөн зөвлөхгүй байгаа. Хурц үнэр нь салст бүрхэвчийг цочроож, найтаах, нус гоожих зэрэгт хүргэдэг.
Спиртийн агууламжгүй гар ариутгагч
Коронавирусийг устгахын тулд гар болон бусад гадаргууг хамгийн багадаа 60 хувийн спиртийн агууламжтай ариутгагч шингэн хэрэглэх хэрэгтэй. Мөнгөн бөөмтэй ариутгагч бодис нь вирусийг устгахгүй, зөвхөн цэвэрлэх үйлчилгээтэй. Эмч нар мөн гараа савангаар угаах хамгийн үр дүнтэй гэж үздэг бөгөөд гар ариутгагч нь гараа угаах боломжгүй тохиолдолд тус болох зүйл гэжээ.
Эх сурвалж: rambler.ru