Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр дахь ээлжийн 261 иргэнээ эх орондоо авчирлаа.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд ирэв. Түүнчлэн агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон сувилалд 21 хоног тусгаарлах бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм.
Уг нислэгээр өндөр настан, асран хамгаалагчтай 40, эрүүл мэнд, асран хамгаалагчтай 110, хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, бусад 13 иргэн ирэхээр мэдүүлгээ өгсөн. Дээрх иргэдийн хувьд Өмнөд Солонгос улсад коронавирусийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд ажиглалтад авах шаардлагатай иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах ажээ.
Иргэдийг 21 хоног тусгаарлах бөгөөд байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөг байхаар төлбөрийг урьдчилан авсан.