Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчинтай ярилцлаа.
-Тусгай шинжилгээний газрын зохион байгуулалт үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье. Ямар үйл ажиллагаа явуулдаг газар вэ?
-Тус газар нь хими, физик, биологи, ДНХ, бактериологийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас гадна онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцож ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх үүрэгтэй. Мөн ДНХ-ийн мэдээллийн төрөлжсөн сан бүрдүүлж ажилладаг.
-Танай газарт ямар төрлийн шинжилгээ хийгддэг вэ? Ямар ямар лабораториуд байдаг вэ?
-Манай газар нь 5 лабораторитой үйл ажиллагаагаа явуулдаг лаборатори бүрийн тус тусын үйл ажиллагааг танилцуулбал Биологийн шинжилгээний лаборатори нь хэргийн газраас цуглуулсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг хийж биологийн гаралтай ул мөр /цус,шүлс, хөлс, үрийн шингэн, үс, яс, булчин, зөөлөн эд/байгаа эсэхийг тогтоох, түүний бүлгийн харьяаллыг тодорхойлох, хохирогч, сэжигтний цусны бүлэгтэй харьцуулах шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг.
-ДНХ-ийн шинжилгээний лаборатори нь хэргийн газраас цуглуулсан биологийн гаралтай ул мөр, эд мөрийн баримт, хохирогч, сэжигтнээс авсан дээжинд шинжилгээ хийхээс гадна хүүхдийн эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг.
-Бактериологийн шинжилгээний лаборатори нь бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч, сэжигтнээс цус, шээс, мазокын шинжилгээний дээж авч сүүлийн үеийн мэдрэг оношлуур тест, микроскоп, PCR-ын аргуудыг ашиглан бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчийг илрүүлэх бактериологийн шинжилгээ хийдэг.
-Физикийн шинжилгээний лаборатори нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, нотлох зорилгоор хүний бие, эд мөрийн баримтад дарь, тортогны үлдэгдэл, хүнд металлын элемент байгаа эсэхийг тодорхойлох, үнэт эдлэл буюу алт, мөнгөний сорьц, үл мэдэгдэх бодисын химийн найрлагыг тогтоох шинжилгээг хийж, дүгнэлт гаргадаг.
-Химийн шинжилгээний лаборатори нь үл мэдэгдэх бодисын найрлага, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн бодис, архи, цавууны найрлага, шатах тослох материал тодорхойлох, будагч бодис, цаасны бүтцийг адилтгах, автомашины эд анги, галт зэвсгийн устгагдсан дугаарыг тодруулах шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Мөн хүний цус болон биологийн шингэнд согтууруулах ундааны зүйл агуулагдаж байгаа эсэх, спиртийн хэмжээ болон угаарын хийг тодорхойлох, живж нас барсан хүний уушгины эдэд усны бичил биет байгаа эсэх, био материалд байгаа эмийн болон хорт бодис түүнчлэн элэгний эдэд гликоген байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийдэг.
-Жилд дунджаар хэдэн шинжилгээ хийж байна?
-Тусгай шинжилгээний газар нь 2019 онд 17357 шинжилгээ хийснээс химийн 7524, физикийн 234, биологийн 6560, ДНХ-ийн 2046, бактериологийн 989 шинжилгээг хийж гүйцэтгэсэн ба өмнөх жилээс 1543 шинжилгээгээр өссөн.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг байгууллагын хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл чухал. Танайх ямар тоног төхөөрөмж хэрэглэж байна вэ?
-Химийн лабораторид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээг тестийн арга, нимгэн үеийн хроматографын арга болон сүүлийн үеийн өндөр мэдрэмжит багаж техник тоног төхөөрөмжийг ашиглан шинжилгээг хийж байна. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2018 онд 1,962,433,000.00 /нэг тэрбум есөн зуун жаран хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянган/ төгрөгөөр сүүлийн үеийн өндөр мэдрэмжит багаж техник тоног төхөөрөмж болох Ажилэнт Технолжис компаний 6530 QTOF 1290 HPLC шингэний хроматограф-масс спектрометр болон 5977 загварын хийн хроматографи масс спектрометрийн аппаратыг худалдан авч химийн лабораторид суурилуулан Герман, Беларус, ОХУ-ын мэргэжилтнүүд сургалтыг зохион байгуулж албан хаагчдад эрхийн сертификат олгосон. Одоогийн байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг тодорхойлох, хүний цус, үс, хумс, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг тодорхойлох шинжилгээг дээрх тоног төхөөрөмж дээр өндөр нарийвчлалтай /10-9 -10-12/ хийх боломжтой болсон.
-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодист хийх шинжилгээ одоогийн байдлаар ямар байна вэ?
-Сүүлийн жилүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шинжилгээний тоо жил ирэх тусам өсөж байгаа нь шинжилгээний тооноос харагдаж байна. 2017 онд 489 шинжилгээ, 2018 онд 732 шинжилгээ хийгдэж байсан бол 2019 онд 1400 гаруй шинжилгээг хийсэн байна. Шинжилгээгээр “1961 оны мансууруулах эмийн тухай конвенц”, “1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон дельта 9 тетрагидроканнабинол, каннабидиол, каннабинол, амфетамин, метамфетамин, геройн, пентанил, кокаин, LSD, экстази, морфин, кетамин, фенобарбитал гэсэн бодисууд илэрч байна.
-Танай байгууллагын материаллаг баазаар авч хэрэгжүүлж байгаа ажил?
-2020-2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар “Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд тус газрын ДНХ-ын лаборатори, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох химийн лабораторийг дэлхийн төвшинд хүрэхүйц хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр тоноглох, шинжээч мэргэжилтэнг олон улсын стандартад нийцүүлэн сургаж мэргэшүүлэх чиглэл багтаасан.
М.АНГАР
2020.4.2 ПҮРЭВ № 64 (6289)