Азийн орнуудтай харьцуулахад Европ тивд коронавирусийн халдварын тохиолдол илүү олон байгаагаас гадна нас барж буй хүний тоо ч хэдэн зуугаар өсөж байгааг мэргэжилтнүүд амны хаалттай холбон тайлбарлаж байна. АНУ-ын зарим эмч, мэргэжилтнүүд амны хаалт зүүснээр коронавирусийн халдвараас сэргийлэхгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч амны хаалт зүүснээр халдвар авах магадлалыг хэд дахин бууруулах боломжтой гэдэг нь олон орны жишээнээс харагдаж байгаа юм.
Тухайлбал, Японд халдварын тохиолдол эрт бүртгэгдсэн ч халдвар авсан хүний тоо төдийлөн өсөхгүй байгаа билээ. Чехийн Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас бүх ард иргэдээ амны хаалт зүүхийг албадсан. Одоогоор тус улсад 2942 тохиолдол бүртгэгдэж, 23 хүн нас барсан нь Европ тивдээ хамгийн цөөн хүн халдвар авсан орны тоонд багтаж байна.
Амны хаалтаас гадна хөл хорио тогтоох нь вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга гэдгийг судлаачид онцолж байна. “Imperial Collеge”-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэрэв улс орнууд хөл хорио тогтоох арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол вирусийн халдвар энэ онд дэлхийн хэмжээнд 40 сая хүний амийг авч одож болзошгүй гэх тоо гарсан байна. Тодруулбал, хүмүүсийн олон нийтийн газраар зорчих байдлыг 40 хувиар бууруулахад өндөр настай болон архаг хууч өвчтэй, эрсдэлт бүлгийн иргэдийн халдвар авах эрсдэл 60 хувиар буурахаар байгаа аж.
Мөн Засгийн газрууд хөл хорио тогтоох, халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх замаар иргэдийн олон нийтийн газраар зорчих урсгалыг 75 хувь бууруулж чадсан тохиолдолд дэлхийн хэмжээнд 38.7 сая хүний амь насыг аврах боломжтой гэнэ.
Эх сурвалж:
https://www.maskssavelives.org/?fbclid=IwAR3xYxlTj3phBvdTu9UP_6n0itqhZZwbKh-jhis1uJLgeQTs1P0sfO-Ea_8
https://edition.cnn.com/2020/04/01/asia/coronavirus-mask-messaging-intl-hnk/index.html