Монгол Улсад бүртгэлтэй 78 мянган аж ахуй нэгж байгаагаас 60 мянга нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Ачааны хүндийг үүрч, нийгмийн ороо бусгаа нөхцөл байдал, хууль эрх зүйн тээг саадыг даван туулж, өсөж өндийхөөр зорьж яваа жижиг дунд үйлдвэрлэгчдийг олон нийт төдийлэн анзаардаггүй байсан нь саяхан.
Харин Төрийн эрх мэдлийг атгаж байгаа эрхмүүд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгийг цөлмөж, өөрсдийнхөө халаасруу урсгадаг тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлснээс хойш л ЖДҮ гэдэг үг илүү танил сонсогдох болжээ.
Гэтэл энэ байдал 30 жил үргэлжилснийг уншигч та мэдэх үү. Жижиг дунд үйлдвэрлэгчид маань дарагдаж, нугачуулж, бөгтийж байгаа ч хэрээрээ тэмцэн бөртөлзсөөр байна. Ийм нэгэн түүхийн гэрч болон та бид амьдарч байгаа билээ. Тэгвэл энэ үнэнг бодитоор нь нэмэлт, хачиргүй эмхтгэсэн нэгэн бүтээл уншигчдын гарт хүрлээ.
“Бөгтөр ЖДҮ” хэмээх энэ номыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачлан сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг нар бичжээ. Номын ерөнхий редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд ажилласан байна.
Тус бүтээлийн өмнөтгөлд “Бид энэ номонд ЖДҮХС-аас хулгай хийх боломжийг эрх баригчид яаж бүрдүүлсэн, хэрэг нь хэрхэн ил болсноос эхлээд нийгэмд бий болж буй эерэг өөрчлөлтүүд, цаашдаа нийгмийн дундаж давхаргыг авч явдаг ЖДҮ-ийг хэрхэн харж, хөгжүүлэх хэрэгтэйг, ЖДҮ-ийг өрхийн үйлдвэрлэл төдийхнөөр харах уу, технологийн эринд гигантуудыг төрүүлэх суурь болгох уу гээд бүхий л асуудлыг цогцоор нь гаргаж тавихыг хичээлээ” хэмээн тэмдэглэжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан дуу нэгтэйгээр дэлгэн харуулж, эрх мэдлийнхээ савраар ард иргэдийнхээ халаасыг хоосолсон үйлдлийн тухай бид 2019 оны турш шуугисан. Гэхдээ ингээд шуугиад өнгөрүүлэх бус түүхийг нь үнэнээр нь бичиж, үлдээсэн нь энэ номын давуу тал юм.
“Бөгтөр ЖДҮ” ном өнөөдрөөс номын бүх сүлжээ дэлгүүрээр зарагдаж буй бөгөөд үнэ нь 24900 төгрөг аж.