Монголын морин спорт уяачдын холбооноос дэлхийг цочроож буй СОVID 19 өвчний эсрэг “Морьтны хийморь” нэртэй аян эхлүүллээ. Аяны талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэх гишүүн Л.Цагаандалайтай ярилцлаа.
-Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй энэхүү аяны талаар илүү дэлгэрэнгүй ярилцах нь зүйтэй байх?
-Монголын морин спорт уяачдын холбоо 21 аймгийн 330 суманд салбартай. Үүнээс гадна 2000 гаруй гишүүнтэй төрийн бус байгууллага юм. Манай холбоо байгуулагдсан цагаасаа олон сайн үйлсийн аянд нэгдэж байсан. Тухайлбал, ган зуд байгалийн бэрхшээл мөн эмзэг бүлгийн хүмүүсийг орон гэртэй болгох, хурдан мориныхоо наадмын байг хандивлах сайн үйлсийн аянд нэгдэж байлаа. Түүнтэй нэгэн адил дэлхий нийтийг түгшээж буй энэ өвчний эсрэг мөн л нэгдэж байна. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төр, засаг мөн эмнэлэг, цагдаагийн албаны ажилтнууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Тэдэнд туслах зорилготой ямар нэгэн нам эвсэл хамаарахгүй энэ аянг уяачидтайгаа хамтран эхлүүлж байна. Аймгуудын салбар холбоод таван сая төгрөг, хониор нэгдэж байна. Энэ аяныг улсын цолтой уяачид дэмжиж байгаа. Тухайлбал, тод манлай уяач О.Батбилэг, Д.Цэрэнжигмэд нар улс, бүсэд айрагдсан адууныхаа үр төлөөс хандивлаж түүнийгээ үзэгчдэд цахимаар хандивийн аяны сугалуулаа 30 мянгаар сугалуулж азтан тодрууллаа. Энэ сугалаанд оролцсон бүх мөнгийг улсын онцгой комисст хандив болон очно,Мориор эхэлсэн бүхэн бүтэж явдаг учиртай.
-Сугалаанд хэчнээн хүн оролцсон бэ?
-Сугалааг шууд дамжуулахад 1000 хүн оролцсон. Бидний эхний азтан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум буюу Таван тэсийн нутгаас Пүрэвдорж гэдэг уяач тодорч Д.Цэрэнжигмэд тод манлайн хээр үрээний эзэн боллоо. Хоёр дахь азтан Төв аймгийн Баяндэлгэр сумаас Мөнхболд залуу уяач тод манлай уяач О.Батбилэгийн бор байдсаны эзэн боллоо. Энэ нь сугалаа гэж харагдаж байгаа боловч сайн үйлсийн аян юм. Мөн тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ улсын наадамд гурван жил дараалан түрүүлсэн “Улс” халзан азарганы байдсыг гурван сая төгрөгний хамт хандивлаж байна. Мөн тод манлай уяач Д.Хишигжаргал,Д. Дагвадорж нар гурав гурван сая төгрөг хандивлаад байна. Үүнээс гадна тод манлай уяач Б.Цэндбаатар,Т.Гантөмөр тод манлай.Б.Даш-Өлзий тод манлай зэрэг уяачидаас хөдөө орон нутгийн уяачид нэгдэж оролцохоо мэдэгдээд байна. Бидний уриа бол “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэх их зохиолч Д.Нацагдоржийн үг юм.
-Таны “Морьтоны соёл” цуврал үргэлжилж байгаа юу?
Монголчууд бидний хамгийн том цэнгэл бол улсын наадам юм. Нүүдэлчин удамтай бид энэ баяр наадмаараа адуу эдлэх соёлынхоо нэгээхэн хэсгийг харуулдаг. Сайхан морио унаж, мөн сайхан эмээл хазаараа эдлэдэг. Энэ цуврал баримтат кино маань 2012 онд “ Морьтой монгол” аян нэртэйгээр Хэрлэнгийн хөдөө арлаас эхэлж байлаа. Морь унахын ач тусыг харуулахыг уг бүтээл маань илүүтэй харуулахыг зорьсон. Монгол хүн морио унасанаар бие болон сэтгэл санаа эрүүл байна.Үүнийгээ дагаад адуу эдлэх соёл болоод хазаар чөдөр зангидах үйлдвэрлэл сэргэнэ, мөн машин мотоциклоор явахгүй байна гэдэг эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт гаргана. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд нэг өдөр морь бүгдээрээ морь унахад 25 сая төгрөгний бензин хэмнэсэн бодит жишээ байна. Гэрийнхээ гурван хошлонг малынхаа ноосоор хийхэд 60 сая төгрөг хэмнэж байна. Үргэлжилээд энэхүү цуврал маань уяачдын холбоотойгоо хамтраад уралдаанаас өөрөөр айраг цагаагаа эсгэх, дуу хуур, ерөөл магтаал гэх зэрэг цогц соёлын талаар хүргэхээр төлөвлөж байна. Мөн бүсийн наадмууд хийж буй аймгууд айрагныхаа баяр. Мөн шилдэг уургач бугуйлчаа ,сайхан хос морьтоноо шалгаруулдаг наадмаа морин дээрээсээ нээх зэрэг нийгмээ гэгээрүүлэх энэ чиглэл рүү бодлогоо чиглүүлж байна.
А.ДОРЖХАНД