Хүний гавьяат эмч, ХСҮТ-ийн зөвлөх Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Элэгний маш олон шалтгаант өвчин байна. Танд элэгний өвчлөлийн асуудлаар ханддаг дийлэнх хүмүүсийн нийтлэг зовиур юу байна вэ?
-Элэг гэмтээж байгаа хэд хэдэн шалтгаан бий.
Нэгдүгээрт, Элэгний архаг В, С вирусууд. Олон жил элэг дотор амьдарч элгийг зодоод байдаг. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжүүлээд гурван жил болжээ. Та ч бас яг одоо өрхийн эмнэлэгтээ хандаад В,С вирусийн шинжилгээгээ өгчих хэрэгтэй.
Хоёрдугаарт, Амьдралын буруу хэв маяг буюу архидалт. Шарталттай байгаа хүн элэгний 60 хувийг тайрсантай тэнцэх хэмжээний зовиур авдаг. Архины хордлогоос болж элэг хатуурдаг.
Гуравдугаарт, Элэгний өөхлөлт буюу таргалалт. Үйл ажиллагааг хямруулж элэгний эс дотор өөхөн бөмбөлгүүд үүсдэг юм шүү дээ. Өөхлөөд, хавагнаж, зузаарч, шаргалтаад, эцэст нь өөх нь дүүрч элэг задардаг.
Дөрөвдүгээрт, Эмийн буруу хэрэглээнээс болж элэг гэмтдэг. Парацетамолийн бэлдмэлийг удаан хугацаагаар уухад элэг гэмтдэг.
Үүнээс гадна маш олон шалтгаан бий. Монголчуудад элбэг байдаг нь дээрх дөрвөн шалтгаан л даа.
-Архи уугаад шартдаггүй. Маргааш нь зүгээр байдаг гэдэг хүмүүс яадаг хүмүүс вэ?
-Хүний бие дотор архийг задлах генийн код гэж бий. Өндөр градустай архинд монголчуудын бие организм дасаагүй л дээ. Идэж уудаг хүнс хоол унд дотор өндөр градустай архи хэзээ ч байгаагүй. 1930-аад оноос хойш оросуудын нөлөөллөөс болж архи орж ирсэн ч бид дасаагүй л байна. Гэхдээ дассан генийн кодтой зарим нэг хүн байдаг. Тэдэнд шарталтын зовиур илрэхгүй ч элэг цаанаа өвдсөөр л байдаг.
-Хүний наслалтын шалтгаан янз бүр бий. Архи тамхи хэрэглэдэггүй хэрнээ элэг хатуурчихлаа, хавдар тусчихлаа гэж ярих юм?
-2000 оноос хойш манай эрүүл мэндийн салбарын оношилгооны чадамж дээшилсэн. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл их хийгдсэн. Илрүүлэлтийн хувь, онош зөв тавих чадвар дээшилсэн. Үүнээс шалтгаалж элэгний далд үед байх өвчнүүд ихээр илэрсэн. Мөн цахим орчин их нөлөөлж байна. Өмнө нь хэдхэн хүрээнд сураг төдий зүйл ярьдаг байсан бол одоо ах дүү нарын чат групп дотроо "хүүе тэр маань өвдчиж, энэ маань ингэчихэж" гээд мэдээлэл өндөр авдаг болсон.
Нөгөө талаар монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн. Намайг жаахан байхад 50 настай хүн "өвөө" болчихдог байсан. Байгалийн хүчтэй нөлөөнд бид хамгаалагдаж эхэлсэн. Дулаан байшинд амьдарч, чанартай хүнс хоол идэж байна. Энэ бүхэн биднийг урт наслахад нөлөөлж байна. Монгол хүний дундаж наслалт 70,9 боллоо. Дээрх өвчнүүдийг эмчилдэг болсон. Амьдралын хэв маяг зөв тал руугаа явж эхэлсэн. Үүнийг дагаад хорт хавдар гэдэг өвчин нэмэгддэг. Батлагдсан хууль шүү дээ. Өндөр насыг дагаж хорт хавдраар өвчилдөг.
-Манай улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ хямд байдаг ч даатгалын систем үнэхээр муу байгаа нь юутай холбоотой вэ? "Эзэн биедээ үйлчилдэггүй эрүүл мэндийн даатгал" гэж ч шүүмжилдэг?
-Монгол иргэнээ өвчнөөс болж ядууралд оруулахгүй гэсэн төрийн зорилго бий. Энэ хүрээнд олон ажил хийсэн шүү. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа, С вирусийн эмчилгээг даатгал бүрэн дааж байна гэх мэт. Хамгийн чухал нь нийгмийн халамжийн сангаас ЭМД-ыг салгаж чадсан явдал. Үнэхээр том алхам байсан. Хоёрхон жил болж байгаа ч энэ шийдэл ирээдүйд маш том өгөөж өгнө. Илүү төгөлдөржих хэрэгтэй.
Би Монголынхоо ирээдүйг эерэгээр харж байгаа. 10 жилийн өмнө салбар нь элгээрээ уначихсан гэж ажилчид нь өөрсдөө яриад, өвдсөн хүмүүс нь гадаадыг зориод л... Гэтэл одоо манай эрүүл мэндийн салбар дэлхийд хийгддэг томоохон хагалгаануудыг заримыг нь хийж чадаж байна. Үнэхээр чадахгүй байгаагаа гадагш нь илгээж байна. Коронавирусийн эсрэг манай салбар ямар мундаг тэмцэж байгааг хар л даа.
Салбарын ажилчдаа чадавхижуулах хэрэгтэй байх. Систем тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Өөдрөгөөр хармаар байна.
-Элэгний В вирусийн эм, эмчилгээ хэзээ гарах бол?
-Манай Монголд харамсалтай нь В вирусийн халдвар Д вирустэй хавсраад байгаа юм. Дэлхий даяар ийм хавсарсан өвчлөл ховор байдаг. Гэтэл элэгний вирустэй арван монгол хүний долоо нь Д вирус хавсарсан оноштой байна. Уг нь бол В вирусийг дарангуйлдаг эм дэлхийд гараад хоёр жил өнгөрсөн. Үр дүнгээ өгч байна.
Харамсалтай нь Д вирусийг эмчилдэг эм хараахан гараагүй байсан. Эрүүл мэндийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг өндөр хөгжилтэй орнуудад ийм өвчлөл бага байгаа учраас эмийн компаниудад мөнгө өгөхгүй байна. Эмийн компаниуд ч хөгжүүлэх хүсэл бага байна.
Гэхдээ сайн мэдээ бий. Энэ жилээс Д вирусийн эмчилгээ зах зээлд гарлаа. Хаалга тогшиж байна. Гэхдээ үнэтэй байгаа. Монгол Улс үүнд анхаарлаа хандуулна гэдэгт би эргэлзэхгүй байна. Даатгалд хамруулах гэх мэтээр С вирус шиг арга хэмжээ авахын төлөө улс төрчид, эрүүл мэндийн салбарынхан хамтарч арга хэмжээ авах ёстой.
Эх сурвалж: UBS TV "Нүүр тулсан ярилцлага"