Хүн амаараа дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс орон даяар хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлээд долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Тус улсын 1,3 тэрбум хүн гэртээ сууснаар агаарын бохирдол эрс буурсныг эх сурвалжууд онцолж байна.
Ерөнхий сайд Нарендра Модигийн шийдвэрээр бүх үйлдвэр, худалдааны төв, шашин мөргөлийн газар, олон нийтийн тээврийн хэрэгсэл, барилгын ажил зогссон юм. Энэтхэгт коронавирусийн тохиолдол 1,300 болон нэмэгдэж, 35 хүн нас баржээ.
Хорио цээр тогтоосноор томоохон хотуудын агаар мандалд РМ2,5 болон тээврийн хэрэгсэл, эрчим хүчний станцаас ялгардаг азотын давхар исэл онц аюултай түвшнээс огцом буурч, агаарын чанар сайжирсан байна. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 21 нь байдаг Энэтхэг улсад агаарын чанар сайжирсан нь цэлмэг хөх тэнгэр харагдах болсноор мэдрэгдэж эхэлжээ.
Нийслэл шинэ Дели хотод Засгийн газрын мэдээлснээр РМ2,5 долоо хоногийн хугацаанд 71 хувиар буурчээ. Хотын оршин суугчид ойрын 10 жилд Дели хотод цэлмэг хөх тэнгэр харагдаагүй хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: CNN