Мьянмарын улс төрийн зүтгэлтэн, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи хувийн Facebook хаяг нээснийг эх сурвалж мэдээлжээ. Тэрээр Facebook хуудсандаа лхагва гарагт анхны постоо оруулсан байна. Ингэхдээ коронавирус халдварт тахлын үед илүү хурдан, үр дүнтэйгээр холбоо харилцаа тогтоох олон нийтийн сүлжээнд нэгдэх шаардлагатай болсон хэмээн тайлбарлажээ.
Хатагтай Су Чи урьд өмнө олон нийтийн цахим сүлжээг төдийлөн таашаадаггүй байсан гэдгээ илэрхийлсэн постод хэдхэн цагийн дотор 310,000 хүн like дарсан байна. Facebook компанийн хүлээн зөвшөөрч баталсан албан ёсны хаяг нь хэдийнээ 700,000 гаруй дагагчтай болжээ.
Мьянмар улсад Рохинжа исламчуудын эрх зөрчигдөж, үй олноор устган, хэдэн зуун мянган иргэн хөрш Бангладеш улс руу дүрвэсэн ч хүний эрхийн бэлгэ тэмдэг болсон Аун Сан Су Чи дуу хоолойгоо хүргэж, тэднийг хамгаалаагүй гэсэн шүүмжлэлд ихээхэн өртсөн билээ. Энэ оны эхэнд Олон улсын шүүхэд Мьянмар улсыг төлөөлөн Су Чи хатагтай ирсэн юм. Шүүхээс Мьянмарын Засгийн газрыг Рохинжа исламчуудын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхийг шаардсан билээ.
Human Rights Watch хүний эрхийн байгууллагаас коронавирусийн халдвар өргөн хүрээтэй тархаж буй үед Мьянмр улс даяар 350,000 хүний эрүүл мэнд эрсдэлд байгаа гэж үзжээ. Тус улсад коронавирусийн халдварын 16 тохиолдол илэрсний дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Халдвар авсан нэг хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС