Европ тив коронавирусийн халдварын төв болоод багагүй хугацаа өнгөрсөн ч тивийн 20 гаруй орныг нэгтгэдэг Европын Холбоо гар сунган, хангалттай тусламж дэмжлэг үзүүлэхгүй байна гэх шүүмжлэл гарах болсон. Тэр дундаа Ковид-19 цар тахал өргөн хүрээнд тархаж 110,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, дэлхий дээр хамгийн олон буюу 13,100 иргэнээ алдсан Итали улсад Европын холбоог эсэргүүцэх үзэл эрс ихэсчээ.
Ойрын өдрүүдэд Италийн зарим иргэн, улс төрч Европын холбооны 12 одтой далбааг буулгаж, зарим тохиолдолд шатааж, оронд нь Хятад, Оросын далбааг байрлуулж буй бичлэгүүдээ цахим орчинд тараагаад байна. Холбооны эрх баригчид гар сунган туслахгүй байхад Орос, Хятадын Засгийн газрууд эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийн багаа Итали улс руу илгээж байгаа юм.
Тухайлбал Италийн төлөөлөгчдийн танхимын дэд Ерөнхийлөгч, Италийн ахан дүүс намын гишүүн Фабио Рампелли өрөөндөө байсан Европын холбооны тугийг буулгаж, оронд нь эх орныхоо тугийг байршуулж буй бичлэгээ цахим хуудсанд нийтэлжээ. Амны хаалт зүүж, цагаан бээлий өмссөн улс төрч Европын холбоо олон мянган иргэнээ тахалт өвчнөөр алдаж буй улс орнуудад туслахаас татгалзсан учир ийнхүү туг далбааг нь буулгаж буйгаа хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте засч боломгүй алдаа гаргаснаар Европын холбооны удирдагчид аюулд орж буйг анхааруулсан юм. Хэрэв гэнэтийн сорилтыг давж гарахгүй бол холбооны бүтэц алдагдах эрсдэлд орсон, миний эх орон маш их зовлон туулж байгаа учир алгуурлаж цаг алдах эрхгүй гэжээ.
Дэлхийн 203 улс, тусгай бүсэд 935,000 тохиолдол илэрч, 47,200 хүн нас барсан коронавирус Итали, Испани, Герман, Франц улсуудад өргөн хүрээнд тархаж, асар их хэмжээний гарз хохирол амсаад байгаа юм.
Эх сурвалж: Daily Sabah