Камбож, Лаос, Малайз, Монгол, Папуа Шинэ Гвиней Улс гадаад өрийн хэмжээгээрээ Азидаа тэргүүлж байна
Дэлхийн банкнаас өнгөрсөн мягмар гарагт улс орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв байдлын талаарх тайлан, мэдээг танилцуулсан билээ. Тайланд Азийн орнууд худалдааны маргаан, коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн гурав дахь шоктой тулгарч магадгүй талаар онцолсон байна. Коронавирусээс үүдэлтэйгээр дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт буурч, ядуурлын түвшин өсөх нь хэдийнэ тодорхой болоод байгаа юм.
Дэлхийн банкны Ази, Номхон далайн эдийн засгийн асуудал хариуцсан ахлах эдийн засагч Адитиа Матто “Nikkei Asian Review”-д өгсөн ярилцлагадаа “Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал байгалийн гамшиг болон өмнө нь тохиолдож байсан санхүүгийн томоохон хямралаас ихээхэн ялгаатайгаас гадна дэлхийн бараг бүх улсыг хамарч байна. Энэ хямрал ялангуяа Азийн орнуудад хүндхэн тусахаар байгаа” гэдгийг онцолжээ. Аялал жуулчлал, уул уурхайн түүхий эдийн экспортоос эдийн засаг нь хамаардаг орнуудад энэ удаагийн санхүүгийн хямрал хүндхэн цохилт болохоор байгаа юм. Тухайлбал, аялал, жуулчлалын салбараас эдийн засгийнхаа арав гаруй хувийг бүрдүүлдэг Тайланд Улс энэ жил ердөө тав хүрэхгүй хувийг уг салбараас бүрдүүлнэ гэсэн таамаг байна.
Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 6.1 хувь хэмээн таамаглаж байснаа 2.3 хувь болгон бууруулсан. Индонез, Папуа Шинэ Гвиней, Филиппиний эдийн засаг харьцангуй бага хувиар буурахаар байгаа ч өнгөрсөн оны өсөлтийнхөө хаана ч хүрэхээргүй байгаа аж. Харин Вьетнам, Камбож, Лаос, Монгол, Мьянмар зэрэг улсын эдийн засгийн өсөлт хамгийн доод түвшинд буюу хасах үзүүлэлттэй ч гарч магадгүйг шинжээчид онцолжээ. Вирусийн дэгдэлт намжсаны дараа олон оронд экспорт, импорт, аялал жуулчлалын салбарын орлого буурч, түүхий эдийн ханш доошилж, цагаач ажилчдын ажлын байр тогтворгүй болохоос гадна мөнгөн гуйвуулга хумигдах нь тодорхой.
Түүнчлэн их хэмжээний гадаад өртэй орнуудад энэ удаагийн санхүүгийн цочрол хүндхэн цохилт болохоор байна. Одоогоор Камбож, Лаос, Малайз, Монгол, Папуа Шинэ Гвиней Улс гадаад өрийн хэмжээгээрээ Азидаа тэргүүлж байна. Түүнчлэн Дэлхийн банкнаас Камбожийн оёдлын үйлдвэрийн болон Тайландын аялал, жуулчлалын салбарынхан ажлын байраа алдах өндөр эрсдэлтэйг онцлоод зөвхөн Ази тивд 11 сая хүн ядуусын эгнээд шилжиж болзошгүйг анхааруулаад байгаа юм. Үүнээс гадна тус банкнаас гэнэтийн цочролоос үүдэлтэй санхүүгийн хямрал гүнзгийрэх тусам эдийн засгийн эргэн сэргэлт удаашрахаар байгааг онцолж байна.
Ц.Даваасамбуу