БНСУ-д шинэ коронавирусийн халдвартай тэмцэх шинэ содон санаанууд гарч ирсээр байна. Энэ удаад сэжигтэй иргэнээс 10 минутын дотор шинжилгээ авч болох бүхээгт цэгүүд эмнэлгүүдийн урд харагдах болжээ.
Утасны бүхээгийн загвартай шинжилгээний цэгүүдэд коронавирусийн сэжигтэй иргэдээс сорилыг илүү хямд, ашигтай аргаар авах боломжтой ба өмнөх аргуудтай харьцуулахад бага хугацаанд илүү олон хүнээс шинжилгээ авах давуу талтай юм.
Бүхээг дотор эмнэлгийн ажилтан хуванцар самбарын ардаас хүмүүсийн сорилыг хурдан, аюулгүйгээр цуглуулах боломжтой бөгөөд жижиг бүхээг дотор агаар хурдан эргэлдэх тул дээжийг ариутгахад ганц минут л шаардлагатай юм.
"Бүхээг нь шинжилгээ өгөгч болон эмнэлгийн ажилтнуудыг бүрэн тусгаарласнаар аюулгүй байдлыг хангаж, зөвхөн цаг хэмнээд зогсохгүй хамгаалалтын хувцас гэх мэт материалуудыг хэмнэнэ" гэж уг санааг гарган хэрэгжүүлсэн Пусан дахь Нам дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч Ан Ёо Хон хэлжээ.
Битүүмжлэгдсэн бүхээг нь нэг хүний багтаажтай ба эмнэлгийн ажилтан бээлийнд гараа шургуулан дээжийг аваад бээлийгээ солиод дараагийн хүнээс шинжилгээ авах журмаар ажилладаг юм байна.
Одоогийн байдлаар уг бүхээг нь нийт 13 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа ажээ. Пусанд анх туршигдаж эхэлснээс хойш улс орон даяарх эрүүл мэндийн төвүүд бүхээгийг ашиглах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: news.joins.com, koreajoongangdaily.joins.com