Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар тэглэхтэй холбоотой гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлбар өгч байна.
2020 онд дэлхийн эдийн засаг 0 хувьтай байх бол БНХАУ ганцаараа 2 хувийн өсөлттэй байна гэсэн тооцооллыг ОУВС-аар гаргасан. Энэ нь манай улсад шууд нөлөөлнө. Одоогийн байдлаар коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл Монгол Улсад НЭГ ЖИЛ байна гэж тооцсон гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гурван багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Нэгдүгээрт, Монгол хүний амь нас , эрүүл мэнд нэн тэргүүнд байна. Иймд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажилд онцгой анхаарал тавьж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байгаа. Цаашид ч нэмэгдэнэ.
Хоёрдугаарт, Иргэд ААН-үүдийг дэмжих бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Гуравдугааpт, Хичээл орохгүй байгаатай холбогдуулан сургалтын байгууллагын зарим зардал танагдсан. Энэ мөнгөө 0-18 насны хүүхэд бүрт гурван сарын туршид 10 000 төгрөг нэмж олгох хувилбараар тараах шийдвэр гарсан.
Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд НДШ, ХАОАТ-аас чөлөөлөх тухай дээр дараах гурван салбарын албан хаагчдын татвар чөлөөлөгдөхгүй.
-Улсын төсвөөс цалингаа авдаг албан хаагчид. Тэдэнд хямрал нөлөөлөөгүй.
-Төрийн өмчит ААН, орон нутгийн өмчит ААН, төрийн болон орон нутгийн оролцоотой ААН-үүдийн ажилчид
-Тендерээр ажлаа хийж буй компаниудын ажилчид. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын орлого буураагүй гэж үзэж байгаа.
Үлдсэн бүх салбарын ажилчид НДШ, ХАОАТ-аас зургаан сарын хугацаатай бүрэн чөлөөлөгдөнө. Гэхдээ ЭМД-ыг чөлөөлөөгүй учраас энэ даатгалын төлбөрөө төлөх ёстой.
НДШ төлдөг даатгуулагчдад ажилгүйдлийн сангаас сар бүр 200 000 төгрөг олгох тухай асуудал бий. Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон боловч ажлын байраа хадгалж буй ААНБ-ын ажилчдад сар бүр 200 000 төгрөг олгоно.
Үүнээс гадна:
-2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард буцаан олгоно
-"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг тавдугаар сард багтаан олгоно
-2020 онд ногдол ашиг тараахаар зарласан ХК-иуд ногдол ашгаа тавдугаар сарын 31-нээс өмнө тараана
-Цахилгаан төлбөрөө төлж амжаагүй айлуудын тогийг таслахгүй, алданги тооцохгүй
-НДШ-ээ 2020-04-01-нээс өмнө төлөөгүй ААНБ-д торгууль, алданги тооцохгүй зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлж байгаа. Гэхдээ улсын төсвөөс санхүүжилт авч ажлаа хийж байгаа ААН-үүд, энэ ажилтай холбоотой ажиллаж байгаа ажиллагсад нь орлогын албан татвараас чөлөөлөгдөхгүй. Улсын хэмжээнд нийт ААН-ийн 96 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдана.
Гуравдугаарт, Эдийн засгийг идэвхижүүлэх, тэлэх, төсвөө оновчтой байлгах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төсвөө тодотго, хас гэсэн шаардлагыг зарим улс төрчид хэлж байна. Дэлхийн жишгээс харвал энэ үед зардлаа хумиж байгаа нэг ч улс байхгүй. Бид төсвөө танавал энэ нь өөрөө эдийн засгийн гүнзгий хямралын эх үүсвэрийг тавина. Сангийн яам төсвөө тэлсэн бодлогоо үргэлжлүүлээд явна. Нөхцөл байдал дахиад өөрчлөгдвөл яах вэ гэдгээ тооцох ёстой. Гүйцэт харж байж төсөв тодотгох эсэхийг ярина.
Энэ бүх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд нийцүүлэх ёстой. Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган эхлэхэрэ нэн яаралтай горимоор хэлэлцэх байх.
-НДШ төлөхгүй байх зургаан сарын хугацаанд бичилт хийгдэх үү?
-Компани өөрөө шийднэ. Төр бол тэр хугацааны бичилтийг хийгээд явна.
-ДНБ дээр өсөлт гарах болов уу?
-2020 оны ДНБ-ий өсөлтийг Азийн хөгжлийн банк, 2,1 Дэлхийн банк 1,5 хувь, Сангийн яам яг үнэнийг хэлэхэд 1 хувийн өсөлттэй байх болов уу гэж харж байна.