Дэлхийн инээдмийн өдөр болж байгааг тохиолдуулан хошин шогийн продакшнуудыг төлөөлөн МУГЖ Л.Баттулга /Аглуу/ хандив гардуулсныг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хүлээн авав
Энэхүү хандиваа эрүүл мэндийн салбарынхан болон тусгаарлалтад байгаа иргэдэд зориулан /хунчир, гар ариутгагч/ өгч байгаа ажээ.
МУГЖ Л.Баттулга "ХӨСҮТ-ийн захирал болон танай хамт олонд манай хошин урлагийн продакшнуудын зүгээс үнэхээр их баярлаж байгаа. ДЭМБ Монголыг өндрөөр үнэлж байна. Энэ салбарт нойр хоолгүй ажиллаж буй эмч сувилагч нартаа бид бүрэн итгэж байгаа.
Иргэний үүргээ ухамсарлаад бага ч гэсэн зүйлийг ХӨСҮТ-ийн хамт олондоо хандивлая. Монгол хунчрыг энэ цар тахлыг анагаахад ашиглаж байгаа юм билээ. Тиймээс ХӨСҮТ-ийн хамт олонд, тэнд эмчлэгдэж байгаа, тусгаарлагдсан бүх хүмүүст 10 хоногийн хэрэгцээний хунчрыг өгч байна. Мөн ЭМЯ-нд гар ариутгагч бэлэглэж байна.
Уг халдвар өвчинтэй тэмцэхэд хандив өгч буй иргэн бүрт баярлалаа. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Гэрээсээ гаралгүйгээр, гараа тогтмол угааж телевизийнхээ өмнө халуун хоолоо идэнгээ бидний онлайн тоглолтыг үзээрэй. Бид дөрвөн цагийн туршид инээдээр дархлааг тань дэмжих болно” гэлээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Баярлалаа, бид хичээж ажиллах болно. Хүний өгсөн урам ядаргаа тайлдаг юм байна. Бид нарт анхаарч байгаа хүн бүрт баярлаж талархаж явдаг. Урам орж, дархлаа сэргэдэг юм байна. Монгол хүний энэ сайхан сэтгэл бидэнд их нэмэр болж байна. Монгол түмнээ үргэлж инээлгэж, дархлаа сэргээж яваарай. Та бүхнийг үзэх дуртай шүү. Баярлалаа" гэлээ.
Дашрамд дурдахад "Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтод "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.
Мөн тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд 20.00 цагт C1 телевиз болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.