Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүнийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахаар болсон билээ. АТГ-аас Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан талаарх мэдээллийг сарын өмнө гаргасан. Үүний хариуд экс ерөнхийлөгч “Би удахгүй очно” хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр албан ёсны твиттер хаягтаа “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээн бичсэн байсан.
Тэгвэл Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтад багтсан гэнэ. Тэрбээр эх орондоо ирээд тусгаарлалтад шууд орж, 14 хоног тусгаарлагдах ёстой. Гэвч хууль хяналтын байгууллагаас түүнийг нисэх онгоцны буудал дээрээс саатуулан Төв аймгийн цагдан хорих төвд тусгаарлан шалгах шийдвэр гаргасан гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа.
С.Болд