АНУ-ын нисэх онгоц газардуулагч хөлөг Теодр Рузвельтын ахмад тэнгисийн цэргээс яаралтай тусламж хүслээ. Учир нь хөлгийн 4,000 гаруй гишүүн дундаас коронавирусийн халдварын тохиолдол олон тоогоор илрээд байна.
Хөлөг одоогоор Гуамд зангуугаа буулган зогсоод байгаа юм. Хөлгийн ахмад Бретт Крозер АНУ-ын Батлан хамгаалах Пентагон руу илгээсэн захидалдаа “бид дайн тулаанд яваагүй учир далайчид үхэх ёсгүй” хэмээн бичжээ.
Ахмад Крозер хөлгийн гишүүдийг тусгаарлаад байгаа юм. Гэвч хөлөг дээр зай талбай бага учир өвдсөн хүмүүсийг тусад нь байлгах бараг боломжгүй болжээ. Тиймээс шийдэмгий алхам хийж тусламж үзүүлэхийг ахмад хүслээ.
Теодр Рузвельт дээр хэдэн далайчин коронавирусээр халдварласан нь тодорхойгүй байгаа ч Сан Францискогийн хэвлэлд нийтэлснээр хамгийн багадаа 100 далайчин халдвар авчээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д халдварын тохиолдол 23,000-р нэмэгдэж 187,000 боллоо. Коронавирусийн улмаас 3,800 гаруй иргэн нас баржээ. Тус улсад Ковид-19 цар тахлын улмаас 100,000-200,000 иргэн нас барна гэсэн тооцоолол гаргаж байсан бол дахин тооцоолсноор 240,000 хүн нас барна гэжээ.
Эх сурвалж: BBC