2020 оны УИХ-ын сонгуульд намын нэрээр нэр дэвших эрхээ өвөртлөх гэсэн горилогчдын нэрс тодорч эхэлсэн.
Ардчилсан намын ҮБХ-ны шийдвэрээр нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн хандив авахаар зарласан байсан ч энэ шийдвэр өөрчлөгдөж 180-387 орчим сая төгрөгт хэлбэлзэх болжээ.
Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ "Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг хуульчилсан байгаа. Манай намын дүрэмд ч харшлах зүйл үгүй. Ер нь тэгээд үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал" гэж хэлж байсан билээ.
Одоогийн өөрчлөгдсөн журмаар бол Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Аудитын байгууллагаас тооцоолсон нэг хүний зардлын дээд хэмжээний 50%-иар тооцож намдаа хураамж төлөхөөр болсон аж.
Энэ талаар тус намаас нэр дэвшихээр горилж, эхний босго буюу 100 сая төгрөгийн татвараа өгчихсөн байгаа нэрээ нууцалсан гишүүнээс тодруулахад "Энэ мэдээлэл үнэн. Гэхдээ үе шаттайгаар хураана гэсэн. Өөрөөр хэлбэл дээрх мөнгөний 10 хувийг нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурснаасаа хойш 48 цагийн дотор төлөх ёстой. Үлдсэнийг нь хоёр сарын дотор төлнө гэсэн" гэлээ.
Ташрамд дурдахад Үндэсний аудитын газраас 2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн газар нутгийн байршил, өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, сонгогчдын тоо зэргийг харгалзан тогтоосон байдаг.
Тус газрын мэдээлснээр 2020 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг нам эвсэл тус бүр 5.8 тэрбум, нэг нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 360-775 сая төгрөгөөр тооцсон.
Энэ жишгээс харвал Архангай аймагт нэр дэвшигч Аудитын байгууллагаас гаргасан дундаж зардал буюу 410 сая төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 205 сая төгрөгийг намдаа тушаахаас гадна сонгуульд зарцуулах мөнгөө өөрөө гаргах ажээ.