Бельгийн Льеж хотод коронавирусийн халдвартай эзнээсээ муур нь халдвар авсан тохиолдол бүртгэгджээ.
Мууртайгаа хамт амьдардаг Бельгийн иргэнд коронавирусийн шинж тэмдэг илэрснээс хойш долоо хоногийн дараа мууранд нь шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Муур суулгаж, бөөлжиж, амьсгал нь хүндэрч эхэлжээ. Судлаачид муурны ялгадаснаас вирус илрүүлсэн байна. Тэд харин муур одоо амьд байгаа эсэх талаар мэдээлээгүй байна.
Коронавирус хүнээс амьтдад дамжих нь маш ховор тохиолдож байгаа. Одоогийн байдлаар гэрийн тэжээвэр амьтан нь эзнээсээ халдварласан гурван тохиолдол бүртгэгдээд байна. Хонконгд хоёр нохой халдвар аваад байсан бол одоо Бельгийн муур нэмэгджээ. Нохойнууд хоёулаа огт өвчний шинж тэмдэггүй байсан бол мууранд амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэний хүндрэлүүд илрээд буй аж.
Харин вирус гэрийн тэжээвэр амьтнаас хүн рүү дамжих боломжтой гэсэн баримт одоогоор байхгүй байна.
“Амьтад коронавирусийн тээгч биш учир тэжээмэл амьтдаа хаях ямар ч хэрэг байхгүй” хэмээн Бельгийн амьтан хамгаалах үндэсний зөвлөлөөс мэдэгджээ. Харин өвчтэй хүмүүст эрүүл ахуйн ердийн дүрмийг сахиж, гэрийн тэжээвэр амьтдадаа хүрэхээс өмнө болон хүрсний дараа гараа угааж, тэдэнд хамраа хүргэхгүй байхыг зөвлөжээ.
Жич: гүүглийн зураг ашигласан болно
Эх ёурвалж: The Brussels Times