Коронавирусийн цар тахлын талаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:
Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирус дэлхийн 204 онд бүртгэгдэж, АНУ, Итали, БНХАУ коронавирусийн тархалтын тоогоор тэргүүлж байна. Коронавирус 0-15 насныханд сүүлийн үед ихээр тархаж байгаа бөгөөд ихэвчлэн хөнгөвтөр байдлаар шинж тэмдэг илэрч байна.
Коронавирус хүний өтгөнөөр дамжин тархах тохиолдол их байгаа тул ариутгал халдваргүйтлийг сайн хийх, ил задгай бие засахгүй байх, бие зассаны дараа 00-ийн суултуурыг хааж байгаад усаа татаж, гара сайтар угааж хэвшихийг анхааруулж байна.
Дэлхийн улс орнууд зайнаас харьцах хандлагыг ихээр нэвтрүүлж, амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвшихийг иргэддээ уриалж эхэллээ. Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд уриалга гаргасныг танилцуулъя.
“Коронавирусийн тархалтын улмаас гурван тэрбум хүн хөл хорионд ороод байна. Иргэд та бүхэн гэртээ хөл хорионд байх хугацаандаа сэтгэл санаагаа тайван байлгаж, гадаад хэл сурах, уламжлалт тоглоом наадгайг хүүхдүүддээ зааж сургах зэргээр үр дүнтэй цагаа ашиглахыг уриалж байна” хэмээн уг уриалгад бичсэн байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
ДЭМБ-ын сүүлд өгсөн мэдээгээр 697,244 тохиолдол дэлхий нийтэд бүртгэгдлээ. Шинээр илэрч буй тохиолдлын 80 хувь нь голомтлон тархаж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг туйлдуулж байна. Эрүүл мэндийн систем хэт ачаалалтай байгаагаас бусад өвчний эмчилгээ үйлчилгээ тасалдах хандлага гарч байна. Жирэмсний хяналт, дархлаажуулалт зэрэг өдөр тутам хийгддэг олон үйлчилгээ доголдож байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Италид өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 813 хүн нас барлаа. Итали Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосны хүчинд тархалтыг тодорхой хэмжээнд барьж чадлаа. Ингэснээр халдварын голомтыг барих боломж бүрдлээ гэдгийг мэдэгдлээ.
АНУ-д халдвар авсан хүний тоо 160 мянгад хүрлээ. АНУ өнөөдрийн байдлаар нэг сая хүнийг шинжилгээнд хамруулж, тус улсын хүнс, эмийн агентлаг 20 удаа ашиглах маск гаргаснаа зарласан.
Сөүл хотод халдвар гарсаар байна. Тус хотод гарсан халдварын тоо Тэгү хотын голомтоос тооны хувьд давж байна. Шинээр илэрсэн халдварын дийлэнх нь импортлогдон орж ирсэн болохыг тайландаа дурдсан байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:
Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 2310 иргэн байна. Эдгэрсэн хоёр хүнийг тусгаарлах байранд байрлуулж байна. Дээрх хүмүүс 310 эмч эмнэлгийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд 94,070 жирэмсэн эмэгтэй, 357 мянган 0-5 хүртэлх насны хүүхэд 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа. Эдгээр хүнийг хяналтандаа байлгаж байгаа. Эрүүл мэндийн ажилтнуудад хамгаалах хувцас хэрэглэлийг хэрхэн өмсөх, ашиглах зааврыг өгөөд явж байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд тусгаарлах байранд 44 жирэмсэн эмэгтэй, даралт ихтэй 110, чихрийн шижинтэй 33 хүн байна. Эдгээр хүмүүст резидент эмч нар тусламж үйлчилгээ үзүүлсээр байгаа. Тусгаарлах байранд байгаа иргэдээс ирж буй гомдол мэдээллийн агуулгыг танилцуулахад “Нохойн хоол өгч байна. Хоол амтгүй байна. Өрөө жижигхэн байна” гэсэн байна. Эмч эмнэлгийн ажилтны өөдөөс вариантай талхаа шидэж, эмнэлгийн ажилтныг загнаж, хоорондоо зодолдож маргалдсан тохиолдол гарсан.
Өнөөдөр эмчээрээ хоолоо зөөлгөж байгаа улс байхгүй, эмчийнхээ өөдөөс талх шидэж байгаа орон гэж байхгүй. Тусгаарлагдсан иргэдээ таван одтой буудалд байрлуулсан улс манайхаас өөр байхгүй. Тийм байхад авир араншингаа татахыг та бүхнээс гуйж байна. Та бүхнийг уурлахаар, шаардлага тавихаар хугацаанаас нь өмнө тусгаарлалтаас гаргахгүй. Тиймээс нийтийн эрүүл мэндийн төлөө дэг журамтай оролцохыг уриалж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
Тусгаарлагдсан хүмүүсээс коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн хэвтэж, хяналт тандалтад хамрагдаад байгаа. Мөн Монголын минь өнцөг булан бүрээс Засгийн газар болон эмч эмнэлгийн ажилтнууддаа баярлаж талархсанаа илэрхийлсэн олон захидлыг илгээсээр байгаад талархаж байна.