Испанийн гүнж Бурбон Пармагийн Мариа Тереза коронавирусийн улмаас таалал төгссөн хааны удмын гэр бүлийн анхны гишүүн болсныг түүний дүү ханхүү Сиксто Энрик мэдэгджээ. Хаан тавдугаар Филипийн үеэл гүнж Тереза 86 насандаа Парис хотод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт амьсгал хураажээ.
Гүнжийн оршуулгыг өнгөрсөн баасан гарагт Испанийн нийслэл Мадрид хотод гүйцэтгэсэн байна. Франц улсад коронавирусийн халдварын 45,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 3,024 иргэн нас барсны нэг нь Испанийн гүнж байжээ.
Ойрын өдрүүдэд Испани улсад халдварын тохиолдол эрчимтэй өсч 88,000 иргэн халдварлаж, 7,716 иргэн нас бараад байна. Гэвч сүүлийн 24 цагийн хугацаанд тархалтын эрч саарсан дүр зураг ажиглагдсаныг эх сурвалжууд онцолжээ.
Түүнчлэн Их Британийн хааны удмын гэр бүлд коронавирусийн халдвар илэрсэн билээ. Угсаа залгамжлах ханхүү 71 настай Чарльз энэ сарын 25-ны өдөр халдвар авсан нь илэрч тусгаарлагдаад байгаа юм. Мөн Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд хийсэн шинжилгээгээр эерэг хариу гарсан тул өөрийгөө тусгаарласан билээ.
Энэ хооронд Япон улсад нэрт инээдмийн жүжигчин 70 настай Кен Шимура коронавирусийн улмаас таалал төгссөнийг мэдээлжээ. Тус улсад коронавирусийн 2,000 орчим тохиолдол илэрч, 56 иргэн нас баржээ.
Эх сурвалж: CNN